Sunday, March 5, 2017

Би

Би өөрөө хий чийг тоос
Биежиж унасан эх дэлхийн хэлтэрхий
Биелэлээ олсон өвгүдийн хүсэл
Бэдэрч тэмтэчсэн амьдралын хэлхээ
Буурал түүхийн үнэний мөр
Буцаж төрсөн үүргийн төлөөс
Эргэх цагийн эгэлхэн дүр
Энэрэл хайрын эрхэм дусал
Ээрэм талын сэхүүн салхи
Эгнэшгүй мөнх галын цучил




Wednesday, March 1, 2017

Тэнцэл

Тэмцэл буй цагт
Тэнцэл тогтдог
Тэнцэл тогтохын цагт
Тэмцэл эхэлдэг

Монгол домчийн судар 69 хуудас

Хэдэн жилийн өмнө Гэрлийн өргөөний хэдэн улаач Хөвсгөл аймгийн нутагт Тэсийн голын эх Булнайн нуруунд мод тарихаар явж билээ. Бидний хэдэн улаач модоо тарихаас өмнө лус савдагуудад нь үйлээ мэдүүлж, тарьсан моддоо даатгах үйл хийхийн хажуугаар бидний тарьсан модны үр эх байгальдаа шингэн ургаж , мянган мянган эх мод болон тарьсан үрсийнхээ сэтгэл зүтгэл итгэлийг шингээн алтан судрын маань үг үсэг болгон эх дэлхий дээр эдгээр моддын үрээр дамнан түгэх болтугай хэмээн ерөөж нэг сэдвээр хөөрөлдсөн нь "Тэнцэл" гэдэг сэдэв байж билээ. 
 Хожим домчийн судраас эдгээр хайхамшигт үгсийг уншаад үнэхээр тэнцэл тэмцэлийн хооронд урсах жам гээчийн зах зухаас багахан ч гэсэн гадарлах шиг болж билээ.
Би бага байхын их хачин юм боддог байж билээ. Одот тэнгэрийг ширтэн байхдаа тээр дээрээс биднийг харан ажиж байгаа хэн нэгэн агуу зүйлийн хувьд нарны аймаг түүнийг тойрон эргэлдэх гаригс түүний доторх дэлхий, дэлхий дээр байгаа би мааш өчүүхэн эс шиг л байгаатай адил миний ингээд харж байгаа усны дусал дотор ч бас л над шиг нэгэн жижигхэн зүйл бас над шиг ингээд бодоод сууж байгаа болов уу гээд л....
Үнэхээр энэ бодлыг минь батлах шиг домчийн судар гэдэг хайхамшигт нэгэн судар бидний гар дээр ирж орчлон ертөнцийн жам ёсыг таниулан түүнд хэрхэн зохицон зөв  амьдрах ухааныг ундруулан байна уу даа. Чухам энэ ухааны гүн рүү орж, өвгүдийн түм түмэн жилийн ажиглалт судалгааны үр дүнг уудлах энэ цаг үед  үнэхээр харанхуйг гэрэлтүүлэх, тэнцэлийг тогтоохын төлөөх тэмцэлийн оч болон маналзаж, тосох ухааны цараанд гал болон бадрах болтугай даа.