Wednesday, August 10, 2016

Аравт

Аливаа асуудлын хариултыг өөрт хамгийн ойрхон энгийн зүйлээс хайвал арай илүү үр дүнтэй байдаг юм болов уу гэж хаяа бодогддог шүү. Тоо чанарын талаар сэдэв эхлүүлчихээд бодож байгаад яагаад ч юм аравтын бүтэц санаанд орж ирээд байсан юм. Тэгвэл тэр аравтын бүтцээс чанарын ч тэр, тооны ч тэр учиг гарах юм биш байгаа? Гэвч өөрт ойрхон зүйл гэхээр аравт гэдэг зүйл арай ч ойр  биш ч юм шиг. Тэгвэл надад хамгийн ойр зүйл маань юу билээ гээд бодохоор гэр бүл маань л юм байна. Гэвч гэр бүлийн буюу өрхийн хүрээнээс гарсан аливаа асуудлын шийдлийг бас л нэг тийм ханатай зүйлийн дотор шийдье хэмээвээс гарц нь  энэ аравтын бүтэц юм байна гэдгийг бидний өвгүд дээдсүүд маань олсон байж болох юм. Гэр бүлийнхээ хэмжээнд шийдэж чадахгүй бусдаас хамаарах  нэгэн зорилго дээр нэгдсэн,  гэр бүлээ гэсэн сэтгэлтэй өрхийн тэргүүнүүдээс бүрдсэн арван хүнийг аравт гэж хэлж болох болов уу? Яагаад болохгүй гэж? Зорилго үгүй бол энэ бүхний талаар ярих утгагүй бизээ. Гэвч асуудал нэгэн зорилгод хүрэх аравтын гишүүн бүрийн хүсэл , түүнд тулгуурласан хүн бүрийн хүчин зүтгэл , хүн бүрийн хэмээр аравт гэдэг зүйл маань нэгэн цул болон барьцалдаад байна уу даа ? За тэгээд нэг хэлц үг байдаг даа " арван хуруу тэгш хүн гэж байдаггүй" гээд харин тэгш байх ухаан нь энэ л аравтад оршоод ч байх шиг.  Чухам л тэр бүтэц дотор бүх зүйл оршиж эв эеийг бий болгож жамын давалгаанд зохицож чадваас амьдрал үргэлжилмээр ч юм шиг. Мэдээж бүх зүйл гэж юу вэ гээд задлаад бодох юм бол их л урт болох учраас уншигч та нар минь дор бүрдээ тунгааж санаа бодлоо хуваалцана бизээ .  Цаашилбал энэ л аравтаас зуут, мянгат, түмтүүд үүсэх боловч чухамдаа бол бүгд л аравтын бүтэц бөгөөд нэгдэх зорилгоос хамааралтай ч эцсийн дээд зорилго юу вэ хэмээн уншигч та тунгаах юм бол бид өөрсдийн мөн чанарыг олох бизээ. Гэвч бас зорилго янз бүр шүү дээ. Монголын нууц товчионоос уншсан биз дээ их сайхан жишээ байдаг. Нэгдсэн нэгдлийн зорилго юун дээр оршин буйгаас тэрхүү нэгдлийн хир удаан нэгдмэл байх нь хамаарах мэт. Тийм ч учраас бидний түүх нэгдэл бутралын түүх байсаар ирсэн. Харин түүхээс олсон олзын дээдээр бидний өвгүд юу бүтээж чадсаны үр дүнд бид оршин тогтносоор байгаа маань билээ. Тэгэхээр тэр үр дүн цааш хир удаан орших бол гэдэг дээр бидний үйлдэл чухал болоод ч байх шиг.  Мэдээж бидний мартаж болохгүй зүйл бол сайны хажууд саар гэж бас байдаг гэдэг үнэн.    Харин сайн бүхнээ эзэнтэй байлгаж , бие биеэ  хариуцаж нэгдмэл байх нууц энэхүү аравтын бүтцэд байгаа юм биш биз?

Арга билгийн чанадаас ундрах
Алт эрдэнэс мэт эв нэгдэл
Аман хүзүүний нугалам адил
Асралт сэтгэлийн хэмээр нягтарч
Дутах ухаанаар саваа дүүргэж
Дуурсагдах үйлийн учгаар нэгдэж
Дуулим хорвоод мөрөө үлдээх
Дайчин удмын мөнхийн хэлхээ
Арван хурууны ур шингэж
Амин хэмийн чанар шингэж
Алдар нэрийн цуурай мөнхөрч
Айзам аялгууны хэмнэл хөвөрнөм

Tuesday, August 9, 2016

Тоо ба чанар

Энэ ч ер нь айхтар сэдэв ч гэсэн зах зухаас нь жаахан ч гэсэн зулгаамаар ч юм шиг  санагдаад байх юм.
Аливаа сэдвийг ямар сэдэл дээр үндэслэж бичиж байгаа нь тухайн сэдвийн хүрээг хир өргөнөөр төсөөлөх чадамжийг харуулах байх. Тийм ч учраас зах зухаас нь зулгааж үзэх гээд байгаа нь уншигч таньтай бодлоо хуваалцаж хүрээгээ тэлэх хүсэл төдий юм л даа.
Алтан судар уншигчийн хувьд бичлэгээ ихэвчлэн судрын агуулгыг өөрийн амьдралд , одоо цагтаа буулгаж бага ч гэсэн ухаарах гэж оролдож байгаагаа л хуваалцах  төдий .
Сэдэл маань олонхийн шийдвэр үргэлж зөв байдаг уу ? гэдэг дээр гарч ирсэн юм л даа. Энгийн нэг асуудлын шийдэл дээр ч тэр, улс орныг хамарсан сонгууль дээр ч тэр тооны асуудал чухал байсаар л байгаа.
Ер нь бол тоо, чанарын талаар ярих яриа маань бидний нүүдэлчин соёл, суурин соёл гэх 2 том соёлын ялгаан дээр өөр өөр  ойлголтоор гарч ирээд байх шиг.
БууЭрЭлууд бидний сэтгэлгээг хэтэрхий ондоошсон аливаа зүйлийг зөвхөн хэлбэр талаас нь хардаг хэмээн шүүмжилдэг. Харин тэд яаж хардаг юм болоо? Тэдний гол харах өнцөг аливаа шийдлийн үр дүнг тооцоолж чадаж байгаад байх шиг байдаг. Тэр битгий хэл та нар наад зах 120 жилийн дараахийг тооцож чаддаг байх юм бол бид заавал буух гээд байх ч хэрэг алга хэмээн айлдсан байсныг "Бөөгийн товчион "судраас олж уншсан юм. Мэдээж олон ухаан билиг төгс хүмүүс байгаа л даа . Харин тэр хүмүүсээ олж, тэднийгээ хир таниж чадаж байгаа билээ дээ. Ухаантныг тэнэг, тэнэгийг нь сэцэн гэх нь байгаад л байх шиг.  

Махан бодиор магадлагддаг суухуйд
Магадлагч нь чанар биш тоо ажгуу. гэж АДҮА сударт бичсэн байдаг. Үнэхээр л :

Зуун хүмүүн санал өгтүгэй
Тавин нэгэн тэнэг булхай
Дөчин есөн нь цэцэн иргүн гэвээс
Хаан болохыг тэнэгүүд дэмжвээс
Суумалын засаг тэнэг булхайг
Хаанаар сонгоод халдваас хар толгой
Хага цохиулан тархиа асгах бус уу
 (Хөх монголыг төрөөр бадраах хутагтай нэүрит засаг-ийн Алтан Дээд үнэний аялгуу 78 х)

Саяхан радиогийн нэвтрүүлгээр ярилцах яриаг сонслоо. Өнөөгийн бид нэг байранд олон жил амьдарчихаад хөрш маань ямар хүмүүс болохыг ч мэддэггүй юм байна . Харин хөдөө бол айл саахалтынхаа талаар хэнээс ч илүү сайн мэдээд түүнд нь тохирсон нэр хочийг хүртэл оноогоод өгчихдөг талаар яриж байх юм.  Үүгээр юу хэлэх гээд байгаа вэ гэхээр хот суурингийнхан багахан газар шавааралдан суудаг болохоороо хэн нь хэн гэдгийг тэр бүр сайн мэдэх боломж тааруухан бололтой . Хэн нэгэн сайн гэвэл сайн юм байх гэж хошуурцгааж хэн нэгэн муу гэвэл бас л тийш нь дайвацгааж өөрийн гэсэн үнэлэлт дүгнэлтийг оноож чадахгүй л бужигналдаж байна. Гэвч бас өөрийн гэсэн үнэлэлт дүгнэлт зөв эсэх нь бас л асуудалтай .  Бидэнд тийм мэдлэг боловсрол хангалттай байж чадаж байгаа болов уу? Чадна гэвэл бид үр дүнгийг нь тооцож чаддаг байх хэрэгцээ гарч ирж байна. Чухам энэ л танин мэдэхүйн  хэрэгцээн дээр чанар гээч тодорхойлогдох буй заа .

Эрдэм боловсролыг оройлон залж
Мэдвэл зохихуйг мэдлэгтээ хурааж
Зорилго хүслээ нэгтгэн хурааваас
Амин чанар нь бүрдэх билээ
Өвөг дээдийн эрдэм сургааль
Оноч мэргэн үг үсэг бүр нь
Орчлон хорвоогийн жамыг тухалж
Оройн дээд мэдлэгт нь хөтөлнө
Хөтөлсөн мэдлэгээ зорилго болгож
Эл биеэ тэгшлэн засвал
Амин чанар нь үүсэх билээ
Хүсэл тэмүүлэл эрдэм боловсрол бүр нь
Мон амин чанар нь билээ. (Хас төрийг бадраах судар 119 х )

Тоо чанарын талаарх эргэцүүлэл минь цааш нэлээн яваад баймаар ч юм шиг ...