Thursday, January 8, 2015

Ёс заншлын хэлхээ


Үндсэн хууль гэдгийг хүн бүрийн зайлшгүй дагаж мөрдөх ёстой зүйлс гэж үзвэл тэр нь юу вэ ?
 Ёс заншлын хэлхээ гэж эхэлчихээд юун үндсэн хууль яриад унав аа гэж бодох байх л даа.
Хүмүүс юуг даган биелүүлдэг вэ?
Өөртөө зөв гэж итгэснийгээ эсвэл хэн нэгнээс айсан айдасдаа автан хөндлөнгөөс дага мөрд гэснийг нь , эсвэл нийтээрээ бүгд даган мөрдөж байгааг олны жишгээр даган мөрддөг байж болох юм.  Гэвч энэ бүгдийн хэрэв дагаж мөрдөхгүй бол ард нь гарах ямар нэгэн үлдэц буюу хохирол байнаа даа. Эхний тохиолдолд  ухамсарын асуудал гарч ирэх байх, 2 дох  тохиолдол шийтгэл буюу айдас, 3 дах тохиолдолд хэрэгжилтийг хүлээн зөвшөөрсөн ард түмний хурц хараа буюу шүүмжлэл эсвэл ганцаардал гэж нэрлэсэн ч болох мэт. 2дох тохиолдол бол одоо энэ нийгэмд маань байгаа хууль дүрэм. Дуртай ч бай дургүй ч бай ухамсарласан ч бай ухамсарлаагүй ч бай , дагаж мөрдөхгүй л бол ард нь шийтгэл дагалдана. Үнэн сэтгэлээсээ ухамсарлан өөрийнхөө зам мөр болгоогүй л бол ямар ч хууль дүрмийг зөрчих хүсэл цаг хугацаа нөхцөл байдалдаа төрөх нь гарцаагүй ч юм шиг.
Харин Их Засаг хууль  манай өнөө үед яг бичиглэн үлдээсэн хууль маягаар ирсэн болов уу? Яахав интернет болон ном судруудаас хэсэглэн бичсэн байхыг уншиж харж байхад хуулийн заалт гэхээсээ зүгээр эмээ өвөө нарын маань хэлж зааж байдаг нөгөө муу ёр , тэгэж болдоггүй юм гэсэн ёс заншлын хэлхээ мэт санагдсан.  Босгон дээр гишгэдэггүй юм, эр хүн дээлийн бүсгүй явдаггүй юм, уураг дээр алхдаггүй юм, хурц хутгыг хүнд өгөхдөө бариулаар нь өгч бай гээд л маш их зүйлийг биднийг хар бага байхад маань эмээ өвөө маань хэлж өсгөсөн байдаг. Бидний өвгөд олон мянган жилийн турш мэдэж хуримтлуулсан мэдлэгээ хэрхэн хэрэглэх ёстойг маань ёс заншилд маань шингээгээд ээж, аав, эмээ, өвөөгөөр нь дамжуулаад зайлшгүй дагаж мөрдөх ёстой зүйл гэдгийг зүгээр л нэг энгийн үг мэт боловч ухамсард гүн суулгах аргаар өнөө бидний үед хүргэсэн байж таарах уу?  Харин энэ ёс заншил Монголчууд бид Монгол ахуйгаасаа холдон суурьшмал хотын амьдралд орсноор хүссэн хүсээгүй мартагдаж эхэлж байна. Бид мал маллахаа байж, байгалиасаа холдож, дулаахан байшинд халуухан паарандаа нозоорон , байгаль дэлхий нар сар оддын байрлалаа ч мэдэхгүй болж дэлгэц ширтсэн хүүхдүүд маань иддэг юмнууд маань хаанаас бий болдогийг ч мэдэхээ байн өвөө эмээгийн хэлж сургадаг үгнүүдийн утгыг ч  ойлгохоо байж байна. Ийм болохоор л сүүлийн  хэдэн жилд мартсан бүхнийг маань сэргээх гэсэн мэт Монгол хувцасаараа гоёх,  Монгол гэртээ амьдрах, Монгол ахуйгаа сэргээх , Монгол уламжлал ёс заншлаа сэргээх , хэрэглэхээ байсан бичиг соёлоо сэргээх, сонсохоо байсан үлгэр домгоо ухан тайлах  гэсэн  давалгаа бий болж эхэллээ. Энэ бүхэн юуны учир гарч ирэв гэдгийг бид дор бүрнээ бодох цаг үе ирээ юу даа.

Нэг андын маань хүүтэйгээ ярьсан  яриаг бичмээр санагдлаа.
3 настай хүү нь ээжээсээ асууж байна :
Ээжээ газар ухвал ээж нь үхдэг юм уу? Хар шороо гаргавал аав нь үхдэг юм уу? ( Цэцэрлэгт байхдаа би ч гэсэн бас л ингэж ярьдаг байсан даа . Хэн ч хэлсэн юм бүү мэд ам дамжин яригдсан яриа бидний хүүхдүүд ч гэсэн бас ингээд л асууж байна )

Ээж нь хариулах даа :
Яг ч тийм биш л дээ . Гэхдээ энэ эх дэлхий чинь бид бүгдийг бий болгосон ээж маань болохоор ээжийнхээ биеийг цоолоод байвал өвдөнө шүү дээ. Ээж нь хүүгээ дандаа хайрладаг шиг хүүхдүүд ч гэсэн ээжийгээ өвтгөх ёсгүй шүү дээ .

Ийм л энгийн ярианы ард ийм л гүн утга шингээж байсан байна шүү дээ.

Агуу ихийг мөрөөдөж байж
Алсын замд гардаг ч гэсэн
Энгийн бүхнээс эхлэх бүхэн нь
Эргэх холбоонд нь  шингээстэй буй  гэсэн 4 мөртийг бичмээр санагдлаа.