Tuesday, July 9, 2019

Оюунд буух үгс

Амьдралын урсгал дунд сэлэх жараахайд урсгал сөрөх тэнхээ байдагтай адил алхам алхамаар дөхөх зорилгоо хараагүй хүнд аз эзийн оноогоор бүтээх үйл тохиох нь буй. Харин аз жаргал гэдгийг юу гэж ухаж байгаагаас аз эзийн оноо ончоо олсон эсэх нь хамаарна. Эз гэж юу юм бэ? Эрхэмлэх нэгэн үйлийнхээ учгийг алдахыг хэлнэ. Харин алдааны хохиролоос учгийг зуурч чадвал азын оноо өөрийг чинь бүтээж алхам алхамын зайгаар мөнхийн утга руу дөхөх буй заа. Алдаж онож олоогүй гэх алтан дээд гэриэ тэгээд юу гэсэн үг вэ? Амьдралын утгыг ухаж байж алдар хүндийн оройд мацсан ч алдар хүндийн далайд хөл алдах нь алга урвуулахтай адил амархан зүйл. Харанхуй ангалын ирмэг дээр алхах амьдралын үнэ цэнийг тооцож сурах хоёрт л алхаа гишгээний алхам хэмжигдэж амьдралын мөн чанарт гүн шингэнэ. Уусалт гэж энэ. Ухааны цараа тэлэгдэж оюуны бядаа нэмэх тусам урсгал усыг даган сэлэх удмынхаа үйлийг танин олох учиг үргэлж ундарнам. Хүслийн дээдэд хүрсэн байлаа ч хүмүүн заяанаас холдож чадамгүй ээ. Хүрэх алсыг ухсан байлаа ч хүндлэлийн орчныг буй болгох нь амьдралын үнэ цэнийг тодорхойлно доо. Хайр гэдгийг энгийнээр ухвал хагацал гунигийн ч үнэ цэнийг ухна. Харин тэнхээт оюуныг буй болгож гэмээнэ тэнгэр мэт гүн орчилд ууснам зээ. Ухаарал сэхээрэл хоёрт төөрч одох нь их ч гэлээ ухаарал сэхээрэл хоёроос олз үүрэх нь харин уужим сэтгэлийн таниа мөн. Түнэр харанхуйд гэрэл асахад татагдах олон их учраас түнэр харанхуйг гэрэлтүүлэх тэнхээт оюун, тэнхээт биед сууж тавилан заяандаа хөтлөгдөн түмэн олны төлөө бие сэтгэлээ зориулах төрмөл заяагаа танин  орчлонгийн үнэнд уусна даа. Ууссан тэр оюун биенээс салж тэнгэр болон үрсээ хамгаалж тэр л нэгэн заяанд дахин дахин бууж тэвэрсэн үрээ хайрлан тэтгэх нь орчлонгийн жам бөлгөө.