Friday, August 24, 2018

Бидний авир

Хүмүүний оройн дээд ялалт бол өөрөө өөрийгөө ялах ухааны ялалт болно. Түүний өгөөж юутай ч зүйрлэмгүй оройн дээд юм гэж олон ч ухаантан мэргэдийн сургаал номнол, сударт бичсэн байдаг.
Хүн л юм хойно бидэнд янзан бүрийн авир байдаг. Аливаа зүйлийг хийж бүтээе гэж бодовч залхуурах, эсвэл яаж хийхээ олохгүй арга мухардах үе бид бүгдэд зөндөө л тохиодог. Эсвэл бүүр өөрсдийнхөө байгаа байдлыг хэт дөвийлгөн өөрийнхөө байгаа байдалдаа ханаж цаашид хөгжиж дэвшихээ байдаг ч тал бий. Бүүр эсрэгээрээ өөрийгөө хэт голж аливаа зүйлийг хийж бүтээхээсээ бэрхшээн шантрах нь ч бий . Заримдаа бүүр бусдад атаархан , өөрөө хийж чадахгүйдээ  бухимдан өөрийгөө юун дээр алдаж байгаагаа ч анзаарахгүй  суух ч үе байдаг шүү дээ. Энэ бүгд авирууд биднийг өөрөө өөрсдийгөө ялах тэр л ялалтын замд саад болдог. Харин тэр саадыг бид хэрхэн давах вэ гэдэг өөрөө ухаанаа тэлэхээс эхтэй бөгөөд мухардалд орсон үед гарц үргэлж байдаг гэдгийг санаж суралцах тусам гарц улам бүр л тод болдог. Ямар нэг зүйлийн тухай асуусан ч хариулах гэж өөрийнхөө тархинд төвлөрөх нь ухаанаа нэмж байгаа хэрэг гэнэ билээ.  Тэгэхээр ядаж л өөрөө өөртөө асуулт тариж сурах хэрэгтэй ч юм уу.  Ямар ч хүнд үргэлж л өөрийгөө дөвийлгөн өөрийн хийсэн болгоноо бусдаас илүү болгон харах үе байдаг. Тэгэх тусам л бусдын хийсэн болгоныг үгүйсгэж, үнэн бодит дүгнэлтийг хийж чадахгүйгээс үл ойлголцолд хүрэх тохиолдол их байдаг. Харин энэ үед л бусдын байр сууринд өөрийгөө тавин яг түүнийг өөрөөрөө төсөөлөөд бодох үед эрхгүй л зөөлрөөд ирэх вий. Харин өөрийгөө голон шантрах тэр үед бусдын зоригжуулж хэлсэн хэдхэн урмын үг тэрхүү мухар харанхуйд гэрэл тусгах шиг болдог шүү дээ. Яг л түүнтэй адил мухардаж шантарсан нэгэндээ урам зориг ухаан гарцыг зааж өгөх ухаан, сэтгэлийн дэм өгч байхын утгыг хүн өөртөө шингээж авдаг байх. Тусч энэрэнгүй хүмүүс ихэвчлэн өөрсдөө зовлонг туулсан хүмүүс байдаг шүү дээ. Тэд бусдын зовлонг өөрийнх шигээ бодон өөрийн туулсан зовлон бэрхшээлээр жишиглэн чин сэтгэлээсээ тусалдаг байх. 
Харин онгироо бардам нэгэнд ухаан суулгахын тулд өөрт нь даалгавар өгч өөрийнх нь хэр чадал чансаатайг нь мэдрүүлэх ухааныг олж дэм болдог байх юм. Атаархуу нэгэнд нь хүмүүнд атаархаж байснаас өөрийн чадвараар юу хийж чадахыг  нь ухуулан дэмнэх зэргээр хүсэж байгаа үр дүнд хэрхэн хүрэхийг тайлбарлаж байж атаархлаас салгах зэргээр бусдын дэмээр өөрсдийн ухаанаар  гарах замуудаа олохын төлөө өөрөө өөрийгөө ялахын төлөө хичээцгээе дээ


No comments:

Post a Comment