Wednesday, August 15, 2018

Тоо ба чанар 5

Өвгүд маань нэг удаа  Хүчтэний хүчийг ашиглаж сур гэж хэлж билээ. Тэр үедээ юу гэсэн үг юм болдоо гэж бодчихоод орхичихож билээ. Хятадуудыг муулах үзэл Монголчуудын дунд үргэлж л байсан. Харин Хятад гэдэг улс одоо дэлхийд хүчирхэгээ харуулж байгаа энэ үед бид хичнээн Хятадуудыг муулаад яах ч билээ харин түүний оронд яаж өөрсдийгөө уусгалгүй тэдний хүчийг ашиглан өөрсдөө оршин тогтнох талаараа бодож суусан нь өлзийтэй биз. Хааяа тэлэн өөрсдийнхөө нөлөөлөлийг улам хүчтэй болгож байгаа Орос Хятад хэмээх 2 гүрний дунд өдий болтол тусгаар улсаа бидэнд үлдээсэн өвгүдийн ухааныг судалдаггүй юмаа гэхэд энэ 2 гүрний бодлогыг судлан тэдний бодлого, технолгийн хөгжлийг, газар нутгийнхаа байршил ,   өөрсдийн онцлогт тааруулан бүс нутагтаа онцгой нэгэн тоглогч болохын тулд суралцах нь зайлшгүй болж байна. Тэгвэл бидний онцлог юу юм? Монгол гэж ямар улс юм бэ гэдгийг биднээс илүү мэдэх хэн байна? Өргөн уудам газар нутаг, цөөхөн тооны хүн амтай улсын хувьд уламжлалт мал аж ахуй дээрээ түшиглэн хөгжих түүнийхээ түүхий эд дээр түшиглэсэн үйлдвэрийн технологийг байгал эколгийн асуудалтай уялдуулан хөгжүүлэх бодлого, малынхаа үйлдэр угсаа, түүхий эдийнхээ чанар чансааг сайжруулах, хүний хөгжлийн бодлогоо хөгжүүлэх нь гарцаагүйг хүн болгон шахуу яриж бичиж байгаа боловч цэгцтэй уялдаатай бодлого дутагдаад байна уу даа.
Саяхан өөрт тохиолдсон нэг явдлаар жишиглэн ярья л даа.
Нэлээн хэдэн жилийн өмнө би хонины ноосоор тэр дундаа эсгий гар урлалын чиглэлээр сонирхолын дагуу хүмүүст сургалт хийж жижиг сажиг гар урлалын зүйл хийж үзэж олон улсын худалдааны томоохон сайтууд дээр тавьсан байсан юм. Гэтэл азаар ч юм уу нэгэн томоохон захиалга авах боломж гарч ирсэн боловч гар урлалын цехээр тэрхүү захиалгыг гүйцэтгэхэд нэлээн бэрхшээлтэй байсан юм. Ямар бэрхшээл гарсан бэ гэвэл түүхий эд болох хонины ноосны өртөг маш их үнэтэй болсноос хамааран томоохон захиалгын өртөг нэлээн өндөр болсон юм. Манайд ноос үнэгүй шахуу болчихоод бгаа мэт ойлголт ихэнх хүмүүст байдаг боловч үнэн хэрэгтэй монгол ноосны чанар муудснаас маш их хэмжээний хялгас гардаг ба бүтээгдэхүүн хийхэд чанарын шаардлага хангахгүйгээс гадна нэгж бүтээгдэхүүний өртөг маань өрсөлдөгч Балба улсынхаас хамаагүй өндөр болчихож билээ. Балбын үйлдвэрлэгч нар Авсрали улсаас ноосоо импортолж авдаг хирнээ л манай бүтээгдэхүүний өртөгөөс хамаагүй хямдаар нийлүүлж чадахаар байсан нь сонирхол татсан юм. Тэгээд ноосон сүлжмэл бүтээгдэхүүн хийдэг найзаасаа асуутал тэр маань мөн л Авсралийн хонины ноосон утасыг Хятадаас  импортоор авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг болохыг мэдсэн юм. Гайхаад яагаад Монгол ноосон утсаараа хийдэггүй юм бэ гэж асуутал Монгол ноосон утас маш ширүүн болохоор хэрэглэгч нар маань хатгадаг гээд авдаггүй юмаа гэсэн юм. Үүнээс бид ямар дүгнэлт хийх ёстой вэ? Хуучин соц нийгэмийн үед малын үүлдэр угсаанд их анхаарч нарийн ноосны чиглэлээр хонио үржүүлж, махны чиглэлээр илүү нугаламтай хонь гээд л нэр бүхий үүлдэрүүд бий болгож хөгжүүлж ирсэн байдаг. Одоо харин бид хэт тооны хойноос хөөцөлдөөд чанарын талаар мартаад байна уу даа. Түүнээс гадна Авсралийн хонины ноосыг Хятадууд импортоор аваад түүнийг дахин боловсруулж чанартай ноосон утсыг гаргаж бусад оронд импортолдог ба манай ноосыг ч бас ихээр импортолж авдаг ба Монголд ноосны үнэ юанаар тогтоогдож угаах үйлдвэрүүд авж байгаа нь миний хувьд маш хачин санагдаж байж билээ. Тэгэхээр бид бас технологио сайжруулах, малынхаа үйлдэр угсааг сайжруулах цогц бодлого зайлшгүй хэрэгцээтэй санагдсан. Бидэнд маш их боломж бололцоо байна. Харин тэр бүхнийг ашиглахын тулд бид маш их суралцахаас гадна өөрсдийгөө хэн бэ, юу чаддаг вэ, бидний онцлог давуу тал юу вэ гэдгээ таниж уйгагүй хөдөлмөрлөж өөрөө өөрсдийнхөө болон бусдын алдаанаасаа суралцах шаардлагатай байна. 
   

No comments:

Post a Comment