Thursday, September 8, 2016

Харилцаа

Заримдаа сайн найз нар хоорондоо муудалцаж сайдахыг алийг тэр гэхэв. Муудалцаж сайдалцаж л байж бие биенээ илүү таниж аливаа харилцааныхаа гацааг гаргадаг байх.  Тэр ч битгий хэл анх муудалцаж танилцсан хүмүүс сайн найз болдог гэсэн яриа ч олны дунд байдаг даа. Ингээд бодоход харилцаа гэж ер нь юу гэсэн үг юм бол? Үгийн үндсээр хөөдөг аргаар задлах гээд өөрийнхөөрөө оролдвол Харь Ил Цаа гэж задлаад харь зүйлийг өөртөө ил болгон цайруулах гээд муйхар аргаар хэлчихвэл яах бол ккк  . Ер нь л ямар нэгэн шаардлагын улмаас хэн нэгэнтэйгээ харилцах хэрэг гардаг шүү дээ. Өөрийнхөө хүсэл зорилгыг бусдад ойлгуулах нөгөө талаас нөгөө харилцагчийнхаа бодол санааг ойлгох эсвэл мэдэхгүй чадахгүй зүйлээ бусдаас асууж мэдэх , суралцах зэрэг 2 болон түүнээс дээш талуудын хэрэгцээ нь харилцааг бий болгоод байна уу даа. Талууд бол олон янз байх байх шүү. Хүн хүнтэйгээ харилцах төдийгөөр бас харилцааг хязгаарлаж ойлгож боломгүй мэт. Хүн амьтантай, хүн байгальтай, хүн далд ертөнцийн сүнс гэх мөн чанаруудтай за тэгээд томорвол улс гүрнүүдийн хоорондох харилцаа гээд л олон янз байх юм болов уу.
Алтан судар уншигчийн хувьд мэдээж л судартай холбох гээд үзлээ.
Танилцах, урих, үдэх, гуйх, талархах 
Гэмших, хүсэх, зөвшөөрөх, итгэх, хорлох
Шагшин магтах, болгоомжлох, хөөрөх, харамсах
Гашуудах, таамаглах, татгалзах, эргэлзэх, гомдох
Илэрхийлэх бүхий харилцааг хүн нар олсон ялалт юм  гэжээ

Харин энэ бүх харилцааны аргуудыг хэрхэн хэрэглэх нь хүмүүн бидний ухамсарын түвшингээс хамаараад янз бүр байх ажээ. Эдгээр харилцааны хэлбэрүүдийг ажиглавал ихэнх нь 35 эрдэмд орсон байх юм.  Үүнээс үндэслээд 35 эрдмийн талаар сударт юу гэж бичснийг харвал :

Хүчирхэг 550 шалтгааныг 
Үртэй хүний 9 хүслээр тохинуулах
Үлэмж төгөлдөр 35 эрдмийг нээв гэжээ

Бидний өвөг дээдэс аливаа зүйлийн учир шалтгааныг олж  түүнээс улбаалж зөв хүслүүдээ олсноор хэрхэн харилцан ойлголцолд хүрэх аргуудыг олоод  онол болгочихсон байх юм даа. Тэгвэл харилцааны соёл гэж чухам юуг хэлэх болоо?  Үүнд дээр тохинуулах гэдэг үг их чухал үүрэг гүйцэтгээд байна уу даа гэмээр...
Тэгвэл тохинуулах их үйлс харилцаан дээр үндэслэдэг гэвэл бид зөвхөн хүн хоорондын харилцаанаас гадна хүн гээч нь өөрөө хаана амьдран оршдог юм,   хэрхэн тэр оршин тогтнолтой харьцах ёстой юм, тэр оршин тогтнол ямар тэнцэлд оршдог юм, оршин тогтнох тэнцлийг яаж удаан хадгалж чадах юм, эргээд хүн хүнтэйгээ харьцахдаа дээр өгүүлсэн бүхнийг тунгаан байж харилцааны олон аргуудыг хэрэглэдэг гэдгийг ухалгүйгээр ямар нэгэн тохинуулалт гэж байхгүй мэт.

Харьцах нь үг, дохио, харц, уриа, хариу тав гэж сав шимийн тайлалд бичсэн байдаг.

Энэ бүхний эцэст харилцаа бол танин мэдэхүйн нэг боловсрол юм байна. Энгийнээр хүмүүсийн харилцаан дээрээс харвал үгээр харилцаж , биеийн дохио, харцыг нь ажиглаж үнэн худлыг нь өөртөө цэгнэж , нөгөө талаас хариу нь буцаж ирснээр өөрөө өөртөө харь буюу мэдэхгүй байсан тэр талыг нь , тэр  зүйлийг  нь таниж авч байгаа гэсэн үг.  Үүнийгээ таниж авчихаад ухаарч ойлгож дараа нь амьдралдаа ингэдэг юм гээд хэрэглэж үзээд үнэхээр батлагдвал сэхээрч сэрж боловсорч байна. Харин дээр өгүүлсэн 35 эрдэмийг хэрхэн ашиглаж чадаж байгаагаар харилцааны ур дүй хамаарна бизээ.   Үүнтэй адил байгаль дэлхий, ан амьтан гээд л бүх л зүйлтэй харилцан байж л таниж мэдэх нь байна шүү.





No comments:

Post a Comment