Thursday, June 18, 2015

Харанхуйд буцлах сүү

Харанхуй гэж юу вэ? Гэрэл гэгээ гэж юу вэ?
Алтан наран мандаж шингэж, өдөр шөнө ээлжилж байхад утгагүй асуулт юунд тавиад байгаа юм гэж бодож байна уу? Сохор л биш бол харанхуй гэрлээ ялгахтайгаа гэж бодож байна уу?

Бэхи хатны алтан судар дээр :

Мэдлэг нүд сохор болвоос мөрөө харах мэлмий нүд сохор болдгийг танин мэдэрчээ гэсэн үгс байдаг. 

БууЭрЭл-ууд мэдлэгийн талаар тайлбарлаж хэлэхдээ: 

Мэдлэг гэдэг нь сонссон бүгдийн цуглуулга биш, ажсан бүхний дүгнэлт биш. Аливаа орчлонгийн хүний нэг амьдрах хугацаанд нь болдог зүйлийг давтагдах мөн шинж чанараар нь хэлэхийг мэдлэг гэж байгаа юм. Чингэвэл аливаа зүйлийн өндөр өргөн болоод доторхийг үзлээ гээд тэр бол мэдлэг биш. Тэрний энэ хорвоод нь яах гэж байдаг , ямар уялдаа холбоотой байдаг, үүрэг нь юу юм, үйлдэл нь юу юм гэж мэдэхийг мэдлэг гэж хэлээд байна.

Ингээд бодохоор үнэхээр бид юу мэддэг юм болоо? Аливаа зүйлийг ингэж бусад зүйлст нөлөөлөх нөлөөлөлөөр нь, хор уршиг, ач холбогдлоор нь, орон зайнд орших нэгж байдлаар нь мөн чанараар нь тунгааж чаддаг билүү . Ингэж л харж чаддаггүй болохоор төөрч оддог юм болов уу?
Харанхуй бүдүүлэг гэдэг үгс хаанаас гарсан байж болох уу?  Энэ мэдлэг гэдэг үгний төсөөлөл одоогийн бидний боддогоос  хамаагүй гүн байгаад байна уу даа.
Өчигдөр хэдэн хүмүүстэй ярилцаж суугаад Гэрлийн өргөөнөөс гаргасан Монгол товчион түүхийн тайлал номны талаар ярьж байтал нэг хүү надаас ингэж асуулаа. Эгчээ өглөөний 8 цагаас үдшийн 21 цаг хүртэл таньдаг залуучууд маань машин угаалгын газар хоногийнхоо хоолны мөнгийг олох гэж  ажиллаж байгаад гэртээ хариад ядарсандаа болоод ухаангүй унтдаг бидэнд энэ номыг уншаад ухаарах зав ч алга. Энэ номыг худалдан авах мөнгө ч бидэнд байхгүй, өөрөөр бидэнд ухааруулж ойлгуулах арга байхгүй юм уу гэлээ. Тэр асуулт яг л энэ амьдралд байгаа үнэн байлаа. Би харин чи юу гэж бодож байна гэж сөргөж асуув. Бидний амьдралд өдөр тутам болж байдаг энэ амьдралаар минь ойлгуулж өгч болохгүй юм уу гэлээ.  Тэр хүүд   хэрэв бид өөрсдийнхөө зүрх сэтгэлийн гүн рүү орохгүй л юм бол хэн нэгэнд энэ бүхнийг даатгасаар байна. Хэн нэгэн  гэгээнтэнд,  эсвэл хэн нэгэн ухаантанд , хэн нэгэн уран яригчид өөрсдийн энэ байдлыг минь сайхан болгох байлгүй хэмээн найдна. Гэтэл энэ дунд та гэгч хүн, би гэгч хүн хаана байнаа? Өчүүхэн жоохон ч болтугай эх орноо, эх нутгаа гэж хайрлах, үр хүүхдээ хэний ч царай харуулахгүйгээр сайн сайхан амьдруулах юмсан гэх бодол байдаг байж л таараа. Энэ л жоохон цогийн гэрэл дээр цучил нэмж гэрэл гэгээ татуулж өмнөх замаа гэрэлтүүлэхэд Би бас Та ямар үүрэгтэй оролцох ёстой вэ гэдгээ олох нь бидний Эзэн Эрх юм биш үү.  Ямартай ч ураг удам болгонд шахуу өвгүд нь буугаад өнөө мартаж холдож орхисон зүйлийг минь сануулах гэж оролдож байгаа бодит байдлыг хүн бүхэн харж байна. Олон хүмүүс бөө нар олноороо гарч ирээд амар заяа үзүүлэхгүй , өглөө  үдэшгүй дээд доод айлд, хамар хашаанд хэц хэнгэрэгээ нүддэг боллоо гэж ад үзэх нэг нь ад үзэж , өвгүд минь гэж хайрлах нэг нь хайрлаж, хүслийг биелүүлэгч гэж хардаг нэг нь харж байгаа нь үнэн л юм даг.  Яах гэж энэ олон бөө улаач нар гарч ирээд байгаа юм ? Юуны төлөө ? Эсвэл үрсүүдийнхээ хүслийг биелүүлэгч шидэт дэнлүүний Жим  шиг байж юу хүссэн бүгдийг нь биелүүлж өгөх гэж үү? Өвдсөн зовсон шаналсан болгоныг эмчилж өгөх гэж үү? Эсвэл хэн нэгний өстнөөс өсийг авч хараал жатга гээчийг хийх гэж үү? Эсвэл үрсүүддээ жам ёсыг таниулж, энэ байгаль дэлхий дээрээ яаж зохицож амьдрах ухааны ундаргыг уудлах гэж үү? Өвгүдийн холч ухааныг гүйцэх болов уу бид? Бидний  ухаан хэдийн жилийн цаадахыг харж чадах бол?
Ингээд л өдөр хоногоо өнгөрөөгөөд явах бол яах гэж би хүн болсон юм бэ? Ер нь байгаль дэлхий дээр хүнийг яах гэж бий болгосон юм? гэх асуудал өөрийн эрхгүй сөхөгдөх байх.   Хүн гээч бид нар энэ орчлон ертөнцөд яаж зохицон амьдрах тухай мэдлэггүй бол хожим хойчдоо ямар хор хохирол учруулж байгаагаа ч мэдэхгүйгээр , өнөө маргаашийн идэх хоолоо бодон амьдарч байгаа нь харанхуй дунд бэдчин явах сохор, мөчир дээр суугаад суусан мөчрөө хөрөөдөн суугаа тэнэг шиг л  ямар аюулд хэзээ унах нь тодорхойгүйгээр мөхөл гээч рүүгээ өөрийн эрхгүй алхаж байгаатай адил биш гэж үү.

Энэхүү эмхтгэлийг бичих санаа бидний нэгэн андад эрт төрсөн ба " Харанхуйд буцлах сүү" гэж өвөрмөц гэмээр нэр өгөхийг хүссэн ба утгыг нь та бүхэн өөр өөрийнхөөрөө бодоод үзнэ үү.   Харанхуйг бид мэдлэгтэй холбож тайлбарласан юм бол буцлах сүүг нь юу гэж ойлгож болох бол? Энэ бол таны , миний, бидний яс цусанд шингэсэн Монгол гэдэг нэрийг авч явах болсон энэ үндэстэнтэй холбож ойлговол яах бол? Яагаад өөрсдийгөө сүү  болгох гээд байгаа юм гэж гайхаж байна уу? Сэтгэл зүрхэнд буцлах сүү мэт эхийн сэтгэлээр төсөөлүүлж болох уу? Эхийн сэтгэлийг сүүтэй зүйрлүүлэх зүйрлэл монгол хэл соёлд байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Эх хүний сэтгэл гэж онцлох учиг нь үрээ гэх сэтгэлд л байдаг биз. Тэгвэл Монголчууд бид энэ сүү мэт цагаан сэтгэлийн охь байвал яах вэ?
Энэ талаар Гэрлийн Өргөөн дээр Аянгат удганы тавьсан БууЭрЭл-үүдийн нэгэн айлдварт ийнхүү бичжээ.

Гэгээрлийн Эзэд нь хүмүүн төрөлхтөн байх бөгөөд
Үүнд хүрэх зам нь 
Үр хүүхдээ хүмүүжүүлэхэд оршино.
Ийм тайллаар хайр гэдгийг тайлбарлавал
Гэгээрэл гэдэг дээд хүслийн зүйг хэмжих нэгж болж таарна.
Хүмүүн бүхэн бие биенээ энэрч хайрлаж
Үр удмын анд
Ураг барилдах охин үр, хөвүүн үр
Мөн эрхэм дээд багш 
Гурван тангараганд орших аваас
Өртөн шургалах зай үгүй болно.
Энэ үед Гэгээрэл гэгч бүтэн болж
Хүмүүн сэтгэл хайр
Мөн хамтын хариуцлагаар бадрах бөгөөд
Үүнийг энэ сургаал үгэнд цоожлон нуужээ.
Хайрыг сэтгэлд хүлээн авахын тулд
Эхлээд сэтгэлийн мөн чанарыг ухан ойлгож
Хар муу бүхнээс нь цэвэрлэх учигтай
Үүний тулд
Нэгд Би-гээ таних
Хоёрт мөн чанараа таних
Сэтгэлээ таних гурван үе байнам.
Би-гээ таних хэмээдэг нь
Өнгөрсөн, Одоо, Ирээдүй цагийн холбоос 
Бүхнийг ухан мэдэхийг үгүүлнэ.
Үүний учиг нь 
Өнгөрсөн цагийн Өстөн
Өнөө цагийн Анд
Ирээдүйд үр хүүхдийн Багш гэсэн ухагдахуун юм.
Алдааг ухамсарлаж чадах аваас
Аврах арга буйг мэднэм
Аврах арга буйг мэдсэн бол
Алдсан үрийг ухаажуулнам.
Алдсан үр ухаажихдаа 
Арвин их Сууг олох бөгөөд
Үр хүүхдэд хуучлан үлдээх
Өнө мөнхийн хамгаалагч болном.
Мөн чанараа таних гэдэг нь
Өнөө цагт үйлдсэн үрийн
Ирэх цагт ирэх үйлийн үр юм.
Үүнийг ухан таниснаар
Өнгөрсөн цагийн сургаал нь
Өнөө цагийн тэвчих байдал
Ирээдүй цагийн үр өгөөжийг илэрхийлнэм.
Энэ нь дээрх холбоон дээр гарч ирж байгаа бөгөөд
Алдсан үр багш болоход
Үр балчирт сургаалийг үлдээнэм.
Сургаалийг мэдсэн үр биеэ засаж
Мөн чанарын ухагдахууныг олж
Хөгжлийг ухамсарлан ойлгох болно.
Энэ үеийг давсан бол сэтгэлээ танин ажина
Сэтгэлийн гүнээс эл бүхий л түүхийг ухан ойлгож
Нээж чадах аваас сэтгэл чөлөөлөгднөм.

Хорвоо дэлхийд өслөх өс үгүй бөгөөд
Бүхэнд авралын гарц 
Тэнгэр Эцгийн мутар байдгийг ажих бөгөөд
Энэ үед Тэнгэр эцэгт итгэх 
Түүний үйл хэргийг ухамсарлах 
Сэтгэлийн эрх чөлөө орших бөгөөд
Үүний дараагаар үйл 
Үнэн зүрхнээс үйлдэгдэж чадахаар болдог ажгуу.


Үнэхээр бидний сэтгэлийн гүн дэх сүүг буцалгах эдгээр хайхамшигт үгсийг өр зүрхэндээ шингээж үйлдэл болгон батжуулах нь өнөө цагийн эзэд бидэнд ноогдуулсан үүрэг бизээ.  Харин энэ үүргээ биелүүлэхгүй бол яах бол? Хатны сударт хариуг нь хохирлыг нь даахгүй гэсэн байх юм.



No comments:

Post a Comment