Thursday, June 18, 2015

Зохист хэмжээ.

Амьдрал тэр чигээрээ тэнцвэр дээр оршиж байдаг. Сайны хажуугаар саар нь байдаг. Аливаад хэм хэмжээгээ мэдэж бай. Хөнжлийнхөө хирээр хөлөө жий  гэх үгсийг зөндөө л сонсож байсан ч түүнийг цаашаа хир ухаж бодож байсан болоо?
Нэлээн хэдэн жилийн өмнө  Чингис хааны академийн Давааням гуайн лекцэнд нэг удаа сууж билээ. Тэгэхэд Күнзийн сургааль бол хавтгай дээр сэтгэсэн сургааль харин Монгол ухаан бол огторгуйн хэмжээсээр сэтгэдэг ухаан юм гэсэн утгатай ганц өгүүлбэртэй  л хоцорч билээ. Энэ юу гэсэн үг юм бол гэж бодоод төсөөлөх гэж оролдож үзэхэд огторгуйн геометрийн хичээл дээр үзсэн төсөөлөл орж ирээд л өнгөрч билээ. Ядаж л Күнзийн сургаалийг уншиж үзэж байж , Монгол ухааны судруудыг уншиж үзэж байж л энэ яриад байгаа зүйлийнх нь утгыг ойлгох байх л даа. Тэгж яваад СорКауУгТаНи хатны өртөөлүүлсэн, Нүрзэд агсны гаргасан судруудыг анх олж билээ.
Тэр хайхамшигт судар дээр үнэхээр тэр хэмжээсийг бичсэн байж билээ.

Энгийн нэгэн элсэн ширхэгт урт өргөн өндөр, үүсэл оршил хувирал, амин эрчим байгаа
Нүдэн дусал усанд ч гүн мандал хаяа, ууршил хөлдөл урсгал амин эрчим хур байгаа
Үсэн үзүүр агаарт ч хүнд хөнгөн дулаан, хоол хор хур , эзэрхэл ноёрхол тохируулга байгаа

Үнэхээр л хий, тоос, чийгнээс энэ газар дэлхий бүрэлдэн цаг хугацааны дэнсэнд хувьсан өөрчлөгдсөөр өнөө бидний энэ үед иржээ. Одоо бид яах ёстой юм?  Яах ч юу байхав дээ дагаад л өөрчлөгдөөд хувьсаад л явна шүү дээ гэж бодож байгаа л байх. Ер нь бол  амьдрал үргэлжилдэгээрээ л үргэлжлэх боловч энд буюу ОДОО ЦАГТ зангилаа үргэлж оршсоор ирсэн бололтой. Одоо цаг гэдэг энэ зангилаан дээрх бидний шийдэл байнга л ирээдүйг зөгнөн байдаг бололтой.

Тоос чийг хий дэнс хорвоогийн эх
Хорвоо амин чанарын эх
Хөх нуруутууд хүмүүний уг
Хөх толбоо гээвээс хуйхтанууд

Үнэхээр бид энэ хорвоогийн эх болох эдгээр хэмжээсүүдийг ухамгүй бол хир хол явж чадах болоо? Хол явах гэж юугаа яриад байнаа гэж гайхаж байна уу?  Харин та энэ талаар бодоод үзээрэй. Яагаад гэвэл "би" гэж биш "бид" гэж бичсэн байгаа болохоор. Мэдээж би заавал чамтай явах алба уу гэж эгдүүцэн бодож болох л юм. Харин нэг дэлхий дээр байгаа болохоор л бид гэсэн юм шүү. Тэгэхээр дэлхийтэйгээ бид хир хол явах болоо гэж ойлгож болох л юм.  Юун ч их санаатай юм. Өчүүхэнээ мэдэхгүй дэлхийгээр нь сэтгээд гэх байх л даа. Яахав өчүүхэн ч гэсэн дэлхийн ээжийн үр юм хойно юу нь буруу байхав гээд өршөөн ойлгоно уу. Чухам бидний өвөг дээдэс маань орчлон ертөнцөөр нь , зүй тогтлоор нь, харилцан хамаарлаар нь ингэж харж чадсан л учраас хөх толботон хэмээгдэн хүмүүний уг нь болж байсан юм болов уу? Харин ингэж бодож чадаагүй нь хуйхтанууд буюу бидний эгдүүцэн дургүйцээд байдаг , байгаа бүгдийг идэж устгадаг хортон шавьж шиг өнөө хужаа нар уу? Үнэндээ бид ч гэсэн одоо тэр хуйхтануудын эгнээд орж байгаа ч юм шиг . БИД хэм хэмжээгээ мэдэхээ байжээ. Болох болохгүйн заагаа мэдэхээ байж.

Миний аз тохиож гэх ч юм уу би Гэрлийн өргөө гэдэгтэй холбогдож,  Аянгат удганы хичээл зүтгэл, Гэрлийн өргөөний олон улаач нарын хамтын хүчээр олон сайхан сударнуудыг буулгасныг нь уншиж, өндөр сайхан БууЭрЭл-уудын айлдваруудыг олж сонсох , унших боломж гарч билээ. Энэ бүхнийг уншаад эргэцүүлэн бодож байхад хорвоогийн бүх зүйл тэнцвэрт оршиж байж, харилцан хамаарч, хоорондоо харилцан  шүтэлцээнд оршин байж амьдрал гэдэг зүйл үргэлжилдэг бололтой.
Тэгвэл амьдралыг юугаар хэмждэг юм болоо? Амьдрахын хамгийн наад захын хэрэгцээ нь амьсгалах, хооллох, ундлах  . Тэгэхийн тулд агаар, ус, газар гурвыг хариуцах хэрэгтэй. Хариуцах гэдэг нь эдгээрийн талаар таниж, мэдэж, амьдрал ахуйдаа зохистой,  ээлтэй хэрэглэхийг хэлэх байх.  Сударт цаг уур, орон зайд ээлтэй зохицохыг амьдрал гэм үү гэсэн байдаг. Ээлтэй зохицох гэдэг л амьдралын гол хэмжүүр бололтой. Амьдрал үргэлжлэх гол түлхүүр гэчихвэл бараг болох байх.  Харин ээлгүй байх юм бол хохирол хүлээх нь .
 Өөр дээрээ бодоод үзэхэд өөрийн алдааг  хохирлыг нь амсаж байж мэдэрдэг. Харин хохирлын хэмжээг бас тодруулж болно. Зөвхөн би хохироод үлдэх үү, гэр бүл минь хохирох уу, хамт олон минь миний алдаанаас болж хохирол хүлээх үү гээд л улс орон, дэлхийн хэмжээнд ч хүрч болно. Мөн тухайн цаг  үедээ хохироогүй мэт боловч хэсэг хугацааны дараа хохирлыг нь амсах ч алдаанууд ч байдаг.
Монгол Товчион Түүхийн тайлал судар дээрээс ээжүүдийн минь өргөдөг сүүн цацлын бэлэгдэл болсон 9 хүслийн тухай олж уншсан ба харин эдгээр хүслүүд хэтэрвэл юу болж хувирдаг талаар бичсэн байдаг. Эдийн хүсэл нь шунал болж, хайрлах хүсэл нь хардах болох жишээний.  Тэгэхээр аливаа зүйл зохист хэм хэмжээнээсээ хэтэрвэл сүйрэл рүү хөтөлдөг бололтой.  Харин тэр зохист хэм хэмжээг хэрхэн барих гэдэг дээр өвгүдийн ухаан бидэнд хэрэг болох бололтой. Өвгүд минь олон зуун жилийн хуримтлуулсан туршлагаа нэгтгэн онол гээчийг бий болгосон нь чухам энэ зохист хэм хэмжээг бариулах гэсэн мэт. Онолоо мэдэж байж хохирол бага гарах нь.  Бидний амьдралд ч ийм байдаг шүү дээ. Эхлээд онол номыг үзэж байж өөрсдөө хийж оролдоход арай л илүү дөхөм байдаг шүү дээ.
Ингээд энэ  сэдэв маань өөрийн эрхгүй онол гэдэг рүү гулсан орлоо.  Харин энэхүү онолыг өөрсдийн одоо цагт зохицон хэрэглэх нь бидний ур дүй, тархины чадамжаас хамаарах буй заа. Хохирлын бага дээр алдаагаа засаж сурахын тулд онол буюу өвгүдийн өв их ухаандаа суралцацгаая.

Хэм хэмжээгээ мэдэж
Хүслийн хязгаараа хянаж сурваас
Хүртэх алсын үр нь цэцэглэж
Хүмүн бүхэнд амар амгаланг хүртээнэм
Есөн цагаан хүслийн
Ерөөл буян нь дэлгэрч
Ар хойч нь өвгүдээрээ бахархаж
Амар амгаланг хүртэх болтугай
Ухаант өвгүдийн залгамж болон
Уламжлал соёлоо дээдлэх болтугай

No comments:

Post a Comment