Иргэн та улсын төсвийн төсөлд саналаа өгнө үү гэсэн мессеж ирж байна.
Үнэхээр та иргэн хүний оролцоогоо хангахын тулд ямар нэгэн байдлаар өөрийн гэр бүлийн хүрээнд шийдэх боломжгүй боловч зайлшгүй шаардлагатай засаж залруулах зүйлийнхээ саналыг өгч байсан уу? Мэдээж сошиал платформууд дээр бичиж байгаа л байх гэхдээ энэ яг төр засгийн хүмүүст хүрч байгаа болов уу?
Саяхан шинээр сонгогдсон нэг УИХ ын залуухан гишүүний оролцсон подкастыг сонслоо. Тэр гишүүн Токиогийн их сургуулийг Хот төлөвлөлтийн мэргэжилтнээр төгсөж МАН ын жагсаалтын эхэнд орсон залуухан улс төрч юм байна. Иргэн та хорооны хуралдаа оролцож саналаа өгдөг үү гэж асууж байна. Нээрээ юу билээ? Би чинь хорооны хурал оролцох нь битгий хэл хорооны хурал гэж юм болдог талаар ч сонсоо ч үгүй хүн шүү дээ. Саяхан нэг Солонгос сериал үзсэн юм. Тэнд хорооны нийгмийн ажилтан хүний талаар гарсан юм иргэд ойр тойрныхоо асуудлыг хороо луугаа яриад гомдол гаргангуут мань хүн очиж шалгаад асуудлыг тодорхойлж өөрсдийнхөө хүчээр арилгах боломжтой зөрчлүүдийг арилгаж гомдол гаргасан иргэндээ буцааж мэдээлж байх юм. Ер нь бид ч ямар нэг байдлаар асуудал байвал бас зам эвдэрсэн хэмхэрсэн байх юм бол залхууралгүй хороо луугаа яриж мэдэгдэж байх ёстой юм бна. Ядаж л СӨХ ийнхөө ажилд оролцож байх л хэрэгтэй юм бна гэж бодогдлоо.
Гэхдээ би улсдаа ямартай ч татвараа төлдөг . Жилдээ ХАОАТ гээд 18 сая гаран төгрөг. Компанийхаа АНОАТ т жилдээ 70 гаран сая төгрөгний татвар төлжээ. Үүнээс гадна НДШ, НӨАТ гээд нэлээн их төлбөр төлдөг. Гэвч эмнэлэгт үзүүлэлгүй лав 20 гаран жил болж. Чадлынхаа хирээр эрүүл мэнддээ анхаарч спортоор хичээллэдэг. Хүүхдээ төрүүлэх гэж улсын эмнэлэгээр 1 удаа бусад тохиолдолд оочер дараалал бусад хүндрэлийг нь бодоод хувийн эмнэлэгүүдээр үйлчлүүлж байсан. Хүүхдүүдийнхээ боловсролд анхаарал их хандуулдаг болохоор улсын сургуульд биш хувийн сургуульд арай дөнгүүр гэж боддог учраас хувийн сургуульд сургаж байна. Ер нь төрийн хамгийн эхний анхаарах зүйл бол Эрүүл мэнд (хүнсний аюулгүй байдал, ямар ч хүнд хэцүү дайн тулаан, халдварт өвчний үед ард түмнээ эрүүл хүнсээр хангах чадамж, агаар ус хөрсний бохирдол, нийгмийн хамгаалал ) Боловсрол ( Хүний нөөц, Иргүн хүн бүрийн чадамжийг сайжруулах, өөрийн хүчээр ажил хөдөлмөр эрхлэх чадамжит иргэнийг бүтээх ), Эрчим хүчний салбар гэж боддог. Гэтэл төсвийн хүндрэл үүссэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн салбарт гарч байгаа завхралын талаар сүүлийн үед сошиалоор их бичигдэх боллоо. Насаараа ЭМД төлсөн иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй төсвөө хүлээсээр хагалгаанд ч орж чадалгүй үхэх нь үхэж , боломжтойнууд нь хамаг хөрөнгөө зараад эсвэл хандив тусламжаар гадаад дотоод руу явж эмчлүүлдэг болсон тогтолцоо тогтжээ. Гэтэл бас ЭМД төлдөггүй хүмүүс амралт сувилалд танил талаараа явж татвар төлөгчдийнхөө мөнгөөр үйлчлүүлдэг байх юм. Саяхандаа , насаараа улсад 40 гаран жил ажиллаж НДШ төлсөн хүн хувиараа 5 жил даатгал төлсөн хүнээс хамаагүй бага тэтгэвэр авч байна гэж 2 хөгшин шогшрон ярихыг сонслоо. Өнгөрсөн жил эрчим хүчний салбар хэцүү байна гээд тог цахилгааны зардал нэмэгдсэн. Гэвч байдал сайжрах байтугай цөөхөн хэдхэн станцууд дээр шинэчлэл сайжруулалт хийгээгүй удснаас болж удаа дараа дэлбэрэлт аваар болсон талаар бас л сошиалоор шуугицгаалаа. Тэгэхээр энэ ард түмэн бидний төлсөн татвараар бүтсэн улсын төсвийн зарцуулалтын хяналтыг хийх, дараа жилийн төсөвт иргэн хүний хувьд саналаа өгөх бүрэн эрхтэйгээр барахгүй үүрэгтэй болж таарах нь. Энэ бүхэнд хяналт тавь гээд тойргоосоо нэр дэвшсэн арай дөнгүүр гэсэн хүнээ их хурлын гишүүнээр сонгосон. Залуухан УИХ гишүүн ярилцлагандаа УИХ бол хууль тогтоох байгууллага ба ЗГ ын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй гэж яриж байна. Үнэхээр УИХ ын гишүүд энэ үүргээ биелүүлдэг үү? ЗГ ын танилцуулж байгаа гүйцэтгэлийн тайланд бүрэн хяналт тавиж байна уу? Харин сүүлийн жагсаалтаар гарсан залуу гишүүд л асуулт тавиж гайхширч суугаа харагдах юм. Зарим нэг нь өөрсдөө ЗГ ынхаа бүрэлдхүүнд орчихоод өөрийнхөө багцаас аймгийн наадамд 2 тэрбумын хандив өгсөн гэж ярих эрхтэй юу ?
Иргэн хүн ч бай улс ч бай хохирсон байхад хохироогч эздийг нь тогтоож хариуцлага хүлээлгэх нь шүүх засаглалын үүрэг байх. Хууль ч бас эзэн хариуцагчтай, хэм хэмжээтэй , оршин тогтнолтой байх зарчим дээр үндэслэсэн гэж үзвэл засаг нь зохист хэм хэмжээний хил хязгаарыг тотоох ёстой байх. Хэм хэмжээ хэмээх нь засаг бодит учир хэмжигдэхүйц, тоон нэгжид хөрвөхүйц байдлыг хангана гэсэн үг. Хэм хэмжигжигдхүүнгүй тохиолдолд үнэлгээ, тэнцээ хаягдах тул тухайн зүйлийг хэм хэмжээгүй гэж үзэх нь. Үнэлгээ дэнсээтэй бүх зүйл дээр хохирол тооцох боломжтой учир засаг нь хэм хэмжээтэй. Тэгэхээр засаг бол хохирол суурьт байх ёстой байх. Жишээ нь сошиал дээр хүмүүс сүүлийн үед зүв зүгээр байсан явган хүний замыг хуулж аваад шинэ зам тавиж байна. Зүв зүгээр байсан замын бродюруудыг авах гээд явган хүний замаа эвдээд байх юм гээд хайран мөнгө гэж гайхан шогширцгоож байна. Зүй нь дүүрэг бүрийн хороод харьяа газрынхаа замуудыг шалгаад засвар хийх шаардлагатай замыг тогтоогоод шинээр хийх ёстой замын маршрутыг иргэдээсээ санал авч дүүрэгтэй мэдээлээд дүүрэг тэр мэдээлэлүүдээ нэгтгээд Нийслэлдээ хүргээд замын төсвөө тогтоолгох ёстой байсан. Энэ бол эгэл надаар хэлүүлээд хийх ажил ч биш энгийн л нэг ажлын зарчим байх. Эртний 10 тын зарчим шүү дээ. 10 айлын эзэд нийлээд нийлж юу хийх шаардлагатай байгаагаа ярилцаад л саналаа гаргаад 100тын даргадаа хэлээд хийж бүтээгээд тэр нь 1000 т 10000т рүүгээ нэгдсэн зорилгын хүрээнд хир нийцэж байгаа нь хянагдаад л тэр нь олон нийтийн хүсэл зорилгод нийцэж байвал хийж бүтээдэг л энгийн эмх цэгцийн л асуудал.
Үүгээр юу хэлэх гээд бна гэхээр Нийслэлийн захиргааны холбогдох албан тушаалтан ямар ч үнэлгээ дүгнэлт хийлгүйгээр нийслэлийн иргэдийн татварын мөнгийг засах шаардлагагүй явган хүний замыг эвдэж төсвийн мөнгийг үргүй зарцуулж байгаа хариуцлагагүй байдал. Хэрэв хэм хэмжээг тогтоож үнэлдэг байсан бол энэ мэт алдааг бага гаргаж төсвийн мөнгөө хэмнэж өөр зайлшгүй шаардлагатай бусад ажлуудад зарцуулах боломжтой байсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл ямар замыг заавал засах шаардлагатай гэж үзэх стандарт хэм хэмжээг тогтоогоогүй байна гэсэн үг. 20 жил болчихсон элэгдсэн бусдад хор хохирол үзүүлэхүйц гэдгийг тооцоогүй л гэсэн үг.
Тэгэхээр улсын төсөвт санал авах гэж байгаа бол Засгийн газар өнгөрсөн жилийнхээ гүйцэтгэлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэж ард түмэн, УИХ гишүүддээ тайлагнах, гишүүд тэр бүрийг нь нухацтай хянаж үр дүнг нь тооцон үзэж , дараа жилийн хэм хэмжээг нь тогтоон дараа жилийнхээ төсвийг хэлэлцэх ёстой байх. Энэнд зориулсан цаг хугацаа ч гаргах ёстой болохоорщс цагийн тулгаад төрийн ажлыг гацаасан гэж УИХ гишүүдийг буруутгах ёсгүй л байх. Түүнээс биш уул уурхайн орлогоо өндөрөөр тогтоочихоод л тэрнийхээ хэмжээгээр төсөв хийгээд идэж уудаг зарчим биш л баймаар. Энэ бол бидний сонгосон УИХ гишүүдийн үндсэн ажлын нэгээхэн хэсэг. Чухам энэ үнэлгээн дээр үндэслэж ямар хууль тогтоомжоо сайжруулах, ямар эзэн хариуцагчтай байх , яаж хэмжих нэгжийг нь тооцохоо олон талаас нь хэлэлцэж байж хуулийг батлах хэрэгтэй байх.
Миний бас гайхаад байдаг асуудал байдаг юм. Уур уурхайгаас хэт хамааралтай эдийн засагтай гээд хэдэн жил яриваа. Бараг 30 жил болж байна. Энэ уул уурхайн нөөц гэдэг юм чинь хэм хэмжээтэй дуусдаг нөөц гэдгийг төр баригч АН , МАН 2 маань сайн мэднэ шүү дээ. Харин ч энэ уул уурхайн бүтээгдэхүүн өндөр үнэтэй байсан үед нь олсон орлогоосоо 70 сая малтай мал аж ахуйн орон байж түүний түүхий эдийг боловсруулах, дэлхийн зах зээл дээр гаргах хэмжээний хөнгөн үйлдвэрүүдээ, бүтээгдэхүүнээ хөгжүүлчихээд сууж байх хангалттай биш ч гэсэн нэлээн хугацаа байсан гэж санагдах юм. Дараа нь үнэ унасан ч үйлдвэр нь хөгжчихсөн улс чинь тэр уул уурхайгаас хамаарахгүй эдийн засагтай болчихсон түүнийгээ хөгжил гэж яриад л сууж баймаар юм . Огт туршлагагүй улс биш шүү дээ Социализмийн үед ч хичнээн сайхан үйлдвэрүүдтэй хичнээн их хүн ажлын байртай сайхан байсан билээ дээ. Харин ч чөлөөт зах зээлийн үед бол бүүр их боломж гарна шүү дээ.
Байшин барилга бол хөгжил биш л дээ. Өөрийн орны онцлог дээр тулгуурласан мэдлэг боловсролтой иргэдтэй, ажил хөдөлмөр бизнес эрхлэх эрүүл таатай орчинтой, иргэн бүр нь татвараа төлдөг, түүндээ тохирсон үйлчилгээгээ авч чаддаг болохыг хөгжил гэх байх
No comments:
Post a Comment