Monday, June 17, 2019

Бид хэн юм бэ?

Бид хэн юм бэ гэсэн асуултыг тавихаас өмнө би хэн юм бэ гэсэн асуулт зүй ёсоор гарна. Энийг хүн бүр дотроо тунгааж байгаа биз. Бидний ухамсар юун дээр төвлөрөх ёстой юм бол?
Бид гэж хамааруулж байгаа нь газар нутаг, хэл соёл, яс цус үндэс нэгтнүүд л гэсэн санаа гэж ухвал Монголчууд гэж нэрлэгдэх хүмүүс бид ер нь хэн юм бэ гээд өргөсөөд ирнэ.
Их түүхийн хэлхээ холбоо ,  Эзэн Чингис хааны түүх байгуулсан эзэнт гүрэн энэ бүгдийг өнгөрсөн баларсан юм гэж үзээд одоогийн бид хэн юм бэ гэж асуугаад үзвэл ямар хариулт гарах болоо?
Ямар ч хүн өөрийн  туулж өнгөрүүлсэн амьдрал, алдаж оносон бүхэн , хуримтлуулсан туршлагагүйгээр өөрийгөө хэн юм бэ гэж тодорхойлж чадахгүйтэй адил хэрэв бид хэн юм бэ гэдэг асуултыг өөрсдийгөө юунаас хаанаас ургасан юуны хэний үр вэ гэдгээ тодорхойлоход хэцүү л болох байх.
Америкчуудыг аваад үзье л дээ. Энд тэндээс хуран цугларч нэгэн шинэ тивийг эзэгнэн сууж тэндээ өөрсдийн засаг захиргааг цогцлоосон байсан ч гэсэн тэдний тэр цогцлоосон бүхэн ямар нэгэн осёл иргэншилээс үүсэж бий болж баяжуулсан л зүйл.
Тэгвэл бидний соёл хаанаас эхтэй вэ?

Хүн төрөлхтөн маш олон соёл иргэншлээс бүрэлддэг ч үндсэн 2 соёлд л хуваагдах болов уу?
- Суурин соёл
- Нүүдлийн соёл

Орчин цагийн бидний дотор хотынх хөдөөгийнх гэсэн ялгаа байдаг. Энэ ялгаа суурин соёлын хэм хэмжээг хир ойлгож зохицож чадаж байгаагаас хамаараад л байх шиг . Хотод арай эрт ирж сууришсан нь суурин соёлд арай эрт хэвшсэн сүүлд ирэгсэд нь нийтээрээ нэг газар бөөгнөрөн амьдрах соёлд арай суралцаж дадаж амжаагүйгээрээ ялгагдаж байгаа нь тэр.   Гэвч уг гарвал нь ижилхэн л нүүдэлчид. Тэр битгий хэл одоо дэлхий дээр үлдээд байгаа сүүлийн нүүдэлчид гэх.
Ер нь биднээс өөр нүүдлийн соёлтой улс орон байгаа болов уу?
Тэгвэл нүүдлийн соёл суурин соёл 2 гэж ангилах гол ялгаа юу вэ?
Нэг газраас нөгөө газар луу нүүдэллэн амьдрахыг нүүдэлчид гээд байна уу эсвэл арай өөр ойлголт байна уу? Жишээлбэл хятадууд байна. Дэлхий даяар хятадууд тархан энд тэндгүй Чайна таунаа байгуулан амьдарч байна . Тэд бас нүүдэлчид үү? Хариултыг үгүй ээ гэж ихэнх хүмүүс хэлэх л байх . Ямар хэмжүүрээр тэгж үгүйсгэж байгаагаа дор бүрнээ тунгаагаад үзээрэй.
Хятадуудын соёл  суурин соёл.  Европчуудын  соёл ч бас суурин соёл . Газар тариалан эрхэлж эхэлсэнээс үүдэлтэй бөгөөд  суурьшин амьдрах бүх нөхцөл бололцоогоо техник технологийн  хөгжил дэвшилд  тулгуурлан улам улам том том хот суурингуудыг байгуулан үйлдвэрлэл худалдаа арилжааг хөгжүүлэн  дэлхийн эдийн засагт том тоглогч болон хөгжсөөр л байна.
Монголчууд бид ч гэсэн  одоо энэ бүхнийг даган аажмаар хотжилт руу шилжин хүн амын ихэнх хэсэг нь хотод амьдарч байна. Энэхүү хотжилтоос үүдэлтэй мөн ч их асуудал үүсч байгааг надаар хэлүүлэх юу байхав дээ. Бодвол бас суурин соёлтой гэх эдгээр хөгжилтэй улсууд энэ бүхнийг туулаад ирсэн болохоор тэднээс бас яаж суурьшин амьдрах ёстойг суралцах л хэрэгтэй байх. Хор хохиролтой ямар асуудлууд суурин соёлтой ард түмний өмнө тулгарч байгаа болоо? Хот бүрийн өмнө тулгардаг хогны асуудал, агаарын бохирдол, хүн амын эрүүл ахуй, хөдөлгөөн болон хүнслэлтэй холбоотой янз бүрийн өвчлөл хүмүүсийн стресс ихсэх асуудлууд хөгжилтэй гэх энэ суурин амьдралын хэв маягтай хөгжилтэй орнуудад үүсээд эхэлжээ. Тэр битгий хэл хүн амынх нь зарим хэсэг их хотжилтоос залхаж хөдөө гарч амьдарч эхэлсэн бололтой.
Түүхээ эргээд харах юм бол дэлхийд урьд хожим нь хэний ч байгуулж байгаагүй их гүрнийг цогцлоож байсан хүчирхэг монголчууд яагаад өнөөг хүртэл  нүүдэлчин хэв маягаа хадгалаад үлдчихэвээ гэдэг асуулт гарах байх
 Тэгвэл нүүдлийн соёл гэж ер нь юугаа яриад байгаа юм бэ ? Тэр ер нь бидэнд тийм чухал зүйл мөн юм уу?
Уг гарвал нь мал ахуйтай холбоотой байх л даа. Нүүдлийн мал ахуйг даган нүүдэллэн амьдрах амьдралын хэв маяг юм байна гэж ухвал суурин соёлоос юугаараа илүү юм бэ? Лав илүү гэх зүйл харагдахгүй үнэн хэцүү амьдралын хэв маяг юм биш үү? Хэн тэгээд л хэдэн мал дагаад л нүүдэллээд амьдарч байдаг юм. Халуун байранд телевизээ үзээд л өөртөө тохирсон ажил байвал хийчихээд л хотод тохь тухтай амьдараад болоод л байна даг. Тэр нь ч тийм шүү. Гэхдээ ч нөгөө талаар нь харах юм бол малчид маань техник технологийн үр шимийг хүртээд мэдээлэлээс хоцрохгүй амьдралын хэв маягаа сайжруулан тохь тухтай мал аж ахуйгаа түшиглэн бас л амьдраад л байна. Бэлчээрийн мал аж ахуйгаа улам сайжруулан хамтаар бэлчээр уул усаа байгаа байдлаар нь хадгалахын тулд тордож байгалийн тэнцлийг хадгалан амьдарч байгаль дэлхийтэйгээ аль болохоор хоргүй зохицон амьдрах хэв маягаа хадгалсаар иржээ. Харин бид малынхаа түүхий эд , үр шимийг боловсруулах өөрийн онцлог сор бүтээгдэхүүнээ бий болгон дэлхий нийтэд эко бүтээгдхүүн , эко аялал зуучлал, сэтгэлийн амар амгалан, онгон зэрлэг байгаль , байгал дэлхийд хоргүй зохицон амьдрах эрдэм мэдлэгийг түгээх ахуйгаа цэгцэлж чадах юм бол манай улсын ирээдүй гэгээлэг байх бизээ.
Энэ бүхнээс дүгнэх юм бол  бидний энэхүү нүүдлийн соёлын хэм хэмжээ суурин соёлтой улсуудтай зэрэгцэн оршиж илүү дутуугаа нөхөн орших нөхцөлдөөг бүрдүүлэн суурин соёлын хор хохиролыг тэднээс урьдчилан таниад энэхүү байгал дэлхийтэйгээ хүйн холбоогоо хадгалагдан үлдэх ёстойг бидэнд сургаад байна уу гэлтэй.
Тэгэхээр нүүдлийн соёлоо хамгаалан тусгаар орших нь газар нутаг, яс цус үндэс угсаа, нүүдлийн ахуй соёл, түүнд тохирсон хууль ёс жаяг, түүнийг ухамсарласан хүн бүрийн ухамсараар хадгалагдан үлдэх нь .
Бид бол нүүдлийн соёлыг хадгалагчид .





No comments:

Post a Comment