Wednesday, May 1, 2019

Агуу ба эгэл



Эгэл байхын учгийг тунгааж Агуу гэдгийг ухна даа хэмээсэн өвгүдийн үгнээс юуг ухах ёстой юм болоо гэж тунгаахад нэгэн буултын үеээр буусан буурал өчүүхэн балчир биднийгээ ихэд л хүндэтгэн мэхийхэд бид их ичиж байсан маань санаанд бууж билээ.
Одоо хир л агуу ба эгэл 2 ын холбоосыг тунгаасаар байх тусам сэтгэлд буусан хэдэн бодлоо хэлхэж нэг бичмээр санагдав. Олон хоног тунгааж суугаад мэргэдийн үгсийг уншиж суугаад агуу нь юу юм бэ гэж өөрөөсөө хэдэнтэй асуулаа. Агуу нь хайр шүү дээ гэж хэн нэгэн нь хариулах шиг болоход  агуу их хайр юуг бүтээсэн юм болоо гэж сөргөж асуулт тавиад хариултыг нь өөрөөсөө хайж билээ.
Аав ээжээ хайрлахыг ачлал гэмү
Үрээ хайрлахыг энэрэл гэмү
Ханиа хайрлахыг дурлал гэмү
Эдийг хайрлахыг гамнах гэмү
Байгалиа хайрлахыг үүрэг гэмү
Амь бүхнийг хайрлахыг төөрөг гэмү
Эх орноо хайрлахын эзэн эрх гэмү
Өөрийгөө хайрлахыг оршихуй гэмү
Хий зүйл өвөг дээдсийн онгод шүтээнийг хайрлахыг шүншиглэх гэмүү хэмээн эмгүдийн үлдээсэн өв сударт (Монгол хатдын онгон түүхийн гялбаа судар ) бичсэн байсан нь тархинд минь тодхон үлджээ.
Юундаа ч ингэж удаан бодсон юм бүү мэд. Үрээ хайрлан суух ээж, эжий ааваа асрах үр, хайрлан дурлалцах хань ижлүүд, хайрлан гамнах эд, үхэвч харамсаагүй эх орон, эргэх орчлонгийн эргэлтэнд эргээд л бүгд л чиний төлөө байх бүхэн эглээс эгэл мөртлөө агуу байгааг эргэцүүлж тунгаах тусам агуу хайрыг яагаад юу бүтээсэн юм бэ гэж асууж зүрхэлнэ вэ хэмээх шиг.  Амьдралыг бүтээсэн хайр эгэл бөгөөд агуу ажээ.

Эгэлхэн зүрхэнд цохилох
Эрдүүхэн чимээ чамд юуг шивнэнэм бэ
Эргэх хорвоогийн жамыг ухаараасай хэмээх мэт
Эгэл хайрын чимээ  тодхон бөгөөд итгэлтэй
Эргэлзэн тээнгэлзэх мөч бүхэнд тань тодрон
Энэ амьдралын мөнхийг дуудан чимээ өгнөм
Аниргүй мэт орчилд урсах халуун дулаахан мэдрэмж
Агуу бөгөөд эгэл байхын учрыг  зүрхэнд минь шивнэ.

No comments:

Post a Comment