Sunday, September 9, 2018

Тоо ба чанар 7

Тоо ба чанар гэдэг сэдвийг эхэлснээс хойш ухаж тунгаах зүйлс их л байна. Тоо чухал биш   чанар нь чухал гэх үгийг ч их сонсох боллоо. Тэгэхээр тоо ба чанарын хоорондох хамаарлын талаар тунгааж үзмээр санагдах болов . Яг юунаас эхэлж тунгаах ёстойгоо нэг л эв нь олдохгүй л байна. Монголын нууц товчионд Эзэн Дээдэс, Жамуха 2 ын хувьд дагуулсан ардын тоо чухал байсан санагддаг. Тамыг газарт буулгаж далан тогоонд чоносынхныг чанасан нь цаанаа нарийн учиртай байсан ч гэсэн нөгөө талаараа түүний харгис догшин занг харсан ардууд ихээр хаан дээдсийг даган ирсэн байдаг. Чанар гэдэг бол үйлийн мөр, өв, үр 3 аар тодорхойлогддог талаар урьд нь  сударт бичигдснийг дурьдаж байсанчлан үгээр биш үйлдлээр үнэлэгдэх чанарыг  тоотой холбох учиг юу бол?
 
Чанар гэдэг үгтэй холбоотой холбоо үгсийг түүгээд үзвэл
Шинж чанар
Мөн чанар
Амин чанар гэх холбоосуудыг Алтан судар болон бусад судруудаас олж харж болно.

Шинжлэх ухаан бол аливаа зүйлийн шинж чанарыг нь судлан мөн чанарын холбоосыг олохын тулд хөгжсөөр л байна. Харин мөн чанар гэдэгт аливаа зүйлийн оршин байгаа учир холбогдол, шүтэн барилдлага, хор хохирол гээд илүү их гүн мэдлэгт тэмүүлсэн  ойлголт байх юм.
Харин амин чанар гэж энэ хөтөлсөн мэдлэгээ зорилго болгож эл биеэ тэгшлэн засвал амин чанар үүсэх бөгөөд орчлонгийн аливаа юмс бусдаас ангид үл оршихыг ухааруулан зохицолд хөтөлдөгийг өвгүдийн буулгасан сударт илүү  задлан бичсэн байдгийг олж уншина бизээ.

Харин өөрсдийн хар ухаанаар жишиглэн бодвоос сошиал ертөнцөд хар масс гэдэг үг газар авсныг ч хэлэх үү нэг зүйлийн  талаар зөвхөн нэг өнцгөөс нь хараад хүмүүсийг хэт шүүмжлэх нь ч элбэг болж. Тэгэхээр хар массыг чиглүүлэгч нар бол чанарлаг нь байж чадах уу гэсэн асуулт гарч ирнэ. Харин  тэр чанарыг хэн тодорхойлох вэ гэсэн асуултанд хэн ч л байж болно гэж хариулмаар ч юм шиг. Үнэндээ бол хар масс гэж ад үзээд байгаачууд бол ард түмэн л дээ. Улс эх орны хувьд ард түмэн ямар байх нь төр засгаас хамаардаг тул муугаа ч тэр сайнаа ч тэр бүгдийг нь чирэхээс өөр гарцгүй. Ядуу , бүдүүлэг, ухамсаргүй , залхуу ардууд байлаа гэхэд түүнийг зөвд нь чиглүүлж хөтөлдөг нь тооны доторх чанартайчууд мөн үү? Тэгэхээр хэдий олныг ухамсарын түвшинд дагуулж чадаж байгаагаар чанарын асуудал бас тодорхойлогдож болох л юм. Ухаанаа уралдуулцгаана биз ээ

No comments:

Post a Comment