Monday, January 29, 2018

Эргэцүүлэл

Их хаадын амин хэлхээ
Алтан ургийн хөвүүн байлаа гээд
Амиа бодож өөрийгөө асарч
Өрөвдүүлэхээс өөр эрдэм чадалгүй бол
Түүнийг хаанд залах хэрэг юу байна

Хаадын угсааных мөн байтал
Харцын мэт сэтгэхүйтэй бол
Түүнийг алтан хэлхээнд
Оруулах хэрэг юу байна?

Хаан байх харц байх юугаараа ялгаатайг орчин үеийн хүмүүс юу гэж ойлгодог болоо?  Хаан Эзэн Чингис хаанаар жишиглэн бодоход Эзэн хааны 1219 онд Чанчунь бомбыг урьсан захиандаа :
Тэнгэр бээр Дундад улсыг жигшин орхисон нь ихэмсэг бардам гоёмсог хээнцэр туйлдаа тулсны учир болай. Би бол умар газрын хээр талд сууж өчүүхэн ч шунахай ховдоггүй, харин даруу хялбарыг эрхэмлэн, элбэг тансагийг няцааж, арвич жирийн байдлыг дaгмуй. Би хэзээ ч нэг янзын хувцас, нэг төрлийн хоолтой байдаг бөгөөд үхэрчин, адуучин лугаа адил хувцаслаж ижил хоолломуй. Би ард иргэдийг нялх хүүхэд мэт энхрийлэн, эрдэмтэн мэргэдийг ах дүү шигээ тэтгэн дэмжмүй. Бид юу ч хийсэн санаа нэгтэй, харилцан бие биеийг өршөөн асрах сэтгэл түгээмэл бөлгөө. Би түмэн цэргийг сурган боловсруулахад биеэр бүхний өмнө яван зуун давхар дайсны жагсаалд учравч ар талд хоцрохыг бодолгүй явсаар долоон жилийн дотор эзэн хааны гүйцэтгэх их үйлийг бүтээж зургаан зүгийн дотроо агч улс орон бүгдийг нэгэн их гүрэнд багтаан нэгтгэв. Миний үйл явдалд эрдэм байснаар биш, Алтан улсын төр батгүй болсны учир Тэнгэрийн ивээл тэтгэлийг хүлээж эрхэм дээд сууринд хүрлээ. Өмнө зүгт Жао овгийн Сүн улстай хил залгаж, умараа Хуйхуй уйгур нарыг нийлүүлж авмагц дорно этгээдийн Ся овогтон, өрнө зүгийн харь аймгууд цөм биеэ боол шивэгчин хэмээх болов. Санавал манай Шаньюй нарын улсаас хойш мянган жил зуун үе өнгөрөхөд өөр ийм улс байсан удаагүй. Иймд миний тушаал их, үүрэг хүнд болсон учир би засаглалыг тэгшлэн үйлдэхдээ алив зүйлийг дутуудуулвай гэж аймуй..
 гэсэн байдаг нь чухамдаа Хаан хүний мөн чанарыг үнэн голоосоо жишиглэн бичсэн нь тэр олон хаад ноёдын урилганаас татгалзаж байсан Чанчунь бомбын сэтгэлийг хөгийг өөрийн эрхгүй татсан бизээ. Өвгүдийн сургаал номонд бичигдсэн айлтгалуудыг уншиж байхад хаан байна харц байна гэдэг хэдий хэмжээний эд баялаг, баян тансаг хэрэглээтэй, эрх мэдэлтэй  байгаагаар биш хичнээн олон ард олны амьдрал ахуйг өөд нь татаж , амьдран орших орчлыг нь хадгалан үлдээх замд чиглүүлснээр нь хэмжигддэг гэсэн санаа гарсан байдаг . ХААН хүний  21 шинж гэж АС дээр байдаг. Тэр бүхнийг дурьдах юм төрийн албанд зүтгэж байгаа сайд дарга нарт тавих ёс суртахууны хэмжээс болох биз. Өдий хэмжээнд өөрийн шунал хүслийг хязгаарлаж чадах хэмжээнд өөрийгөө засаж чадаагүй хүмүүн төрийг хэрхэн засах билээ.  Харцын сэтгэхүй гэдэг нь гагц өөрийн хар амийг бодох бусдын төлөө аливаа үйлийг хийх чадамжгүй байдлыг хэлэх бололтой. Хаан мэт эрх ямбыг эдлэж харц мэт сэтгэхүйтэй байдаг төрийн түшээдийг аран олон таниж эхлэж буй учир хоосон үгээр түмэн олныг хуурах хугацааг багасгаж монгол хүн бүр дор бүрнээ өөрөө өөрийгөө засан, өрх бүлээ өргөн төрийг түшилцэх мэргэн түшээдээ олох мэлмий сонор нь нээгдэх болтугай даа

No comments:

Post a Comment