Friday, December 8, 2017

Үйлдэн байж тань

Үг авахгүй , үгний цаадахыг ухахгүй үед өвгүд " Үйлдэн байж тань" гэж айлдах учгийг бодоод байх нь ээ хүн бүрт л өөрсдийн туулж байж ойлгож ухдаг юм бас байдаг бололтой. БууЭрЭл маань жилийн газрыг сараар, сарын газрыг хоногоор, хоногийн газрыг цагаар товчлох нь онол гэж хэлэхэд юун үлгэрийн хэллэг вэ гээд л гайхаж билээ. Өвгүд мэдээж өөрсдийн туулсан бүхнээ нэгтгээд түүнийгээ бидэнд онол болгон үлдээгээд энэ бүхнийг ухаж тунгаан амьдралдаа буулга гэсэн биз. Гэвч тэдний туулсан бүхнийг ухах ухааны цараа тэлээгүй үед алдсан ч оносон ч өөрсдийн оролдлого үнэхээр тархины цараа тэлэх бололтой дог шүү. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг тэр биз. Харин тэр туршлага бол миний гаргасан мөр. Алдсан алдаа минь үр хүүхдүүдэд бас өөрт минь багшлах багш болно. Тэгээд л энийгээ дараа дараагийнхаа хүмүүст би тэгж алдсан шүү битгий тэгээрэй гээд л хэлдэг шиг бууЭрЭл-ууд ч бас тэгээд л үглэдэг байх нь дээ. Ингэж л өнөө мөнхийн босоо хэлхээ үргэлжилдэг биз. Ийн тунгаан суухад сэтгэлд буусан шүлгийн мөрийг толилуулмуй : 
Оршсон үнэн оршихуйг бөхөлж
Он цагийн мөнхийн хэлхээ бүрднэм
Онож үйлдэхүйн ончийг тааруулах л гэж
Орчлон бүхэлдээ намайг тойрон эргэлдэв үү
Тэртээд алсрах тэргэл саран
Тэнүүн сэтгэлийн учгийг хааш хөтөлнөм
Тэмтэрч туулсан амьдралд хөл нийлүүлэн
Тэнгэрлэг аялгууг зүрхэнд минь уянгалуулна уу
Зүрхэнд уянгалсан тэр л аялгуу
Зүүд нойрноос минь сэрээн
Тэртээд нүргэлэх хүлгийн төвөргөөнд хүч нэмэх л гэж
Тэр л шөнө аргамаг хүлэг минь уяан дээрээ үүрсэв үү

No comments:

Post a Comment