Wednesday, August 10, 2016

Аравт

Аливаа асуудлын хариултыг өөрт хамгийн ойрхон энгийн зүйлээс хайвал арай илүү үр дүнтэй байдаг юм болов уу гэж хаяа бодогддог шүү. Тоо чанарын талаар сэдэв эхлүүлчихээд бодож байгаад яагаад ч юм аравтын бүтэц санаанд орж ирээд байсан юм. Тэгвэл тэр аравтын бүтцээс чанарын ч тэр, тооны ч тэр учиг гарах юм биш байгаа? Гэвч өөрт ойрхон зүйл гэхээр аравт гэдэг зүйл арай ч ойр  биш ч юм шиг. Тэгвэл надад хамгийн ойр зүйл маань юу билээ гээд бодохоор гэр бүл маань л юм байна. Гэвч гэр бүлийн буюу өрхийн хүрээнээс гарсан аливаа асуудлын шийдлийг бас л нэг тийм ханатай зүйлийн дотор шийдье хэмээвээс гарц нь  энэ аравтын бүтэц юм байна гэдгийг бидний өвгүд дээдсүүд маань олсон байж болох юм. Гэр бүлийнхээ хэмжээнд шийдэж чадахгүй бусдаас хамаарах  нэгэн зорилго дээр нэгдсэн,  гэр бүлээ гэсэн сэтгэлтэй өрхийн тэргүүнүүдээс бүрдсэн арван хүнийг аравт гэж хэлж болох болов уу? Яагаад болохгүй гэж? Зорилго үгүй бол энэ бүхний талаар ярих утгагүй бизээ. Гэвч асуудал нэгэн зорилгод хүрэх аравтын гишүүн бүрийн хүсэл , түүнд тулгуурласан хүн бүрийн хүчин зүтгэл , хүн бүрийн хэмээр аравт гэдэг зүйл маань нэгэн цул болон барьцалдаад байна уу даа ? За тэгээд нэг хэлц үг байдаг даа " арван хуруу тэгш хүн гэж байдаггүй" гээд харин тэгш байх ухаан нь энэ л аравтад оршоод ч байх шиг.  Чухам л тэр бүтэц дотор бүх зүйл оршиж эв эеийг бий болгож жамын давалгаанд зохицож чадваас амьдрал үргэлжилмээр ч юм шиг. Мэдээж бүх зүйл гэж юу вэ гээд задлаад бодох юм бол их л урт болох учраас уншигч та нар минь дор бүрдээ тунгааж санаа бодлоо хуваалцана бизээ .  Цаашилбал энэ л аравтаас зуут, мянгат, түмтүүд үүсэх боловч чухамдаа бол бүгд л аравтын бүтэц бөгөөд нэгдэх зорилгоос хамааралтай ч эцсийн дээд зорилго юу вэ хэмээн уншигч та тунгаах юм бол бид өөрсдийн мөн чанарыг олох бизээ. Гэвч бас зорилго янз бүр шүү дээ. Монголын нууц товчионоос уншсан биз дээ их сайхан жишээ байдаг. Нэгдсэн нэгдлийн зорилго юун дээр оршин буйгаас тэрхүү нэгдлийн хир удаан нэгдмэл байх нь хамаарах мэт. Тийм ч учраас бидний түүх нэгдэл бутралын түүх байсаар ирсэн. Харин түүхээс олсон олзын дээдээр бидний өвгүд юу бүтээж чадсаны үр дүнд бид оршин тогтносоор байгаа маань билээ. Тэгэхээр тэр үр дүн цааш хир удаан орших бол гэдэг дээр бидний үйлдэл чухал болоод ч байх шиг.  Мэдээж бидний мартаж болохгүй зүйл бол сайны хажууд саар гэж бас байдаг гэдэг үнэн.    Харин сайн бүхнээ эзэнтэй байлгаж , бие биеэ  хариуцаж нэгдмэл байх нууц энэхүү аравтын бүтцэд байгаа юм биш биз?

Арга билгийн чанадаас ундрах
Алт эрдэнэс мэт эв нэгдэл
Аман хүзүүний нугалам адил
Асралт сэтгэлийн хэмээр нягтарч
Дутах ухаанаар саваа дүүргэж
Дуурсагдах үйлийн учгаар нэгдэж
Дуулим хорвоод мөрөө үлдээх
Дайчин удмын мөнхийн хэлхээ
Арван хурууны ур шингэж
Амин хэмийн чанар шингэж
Алдар нэрийн цуурай мөнхөрч
Айзам аялгууны хэмнэл хөвөрнөм

No comments:

Post a Comment