Sunday, June 19, 2016

Өвгүдийн хайрханд

Өвгүд минь намайг өөрсдийн гэж нэрлэх хайрхан руугаа очих ёстой гэж хэдэнтэй хэлсэн боловч хэлж дуулгаснаас нь хойш нэг жилийн дараа арай л гэж нэг очихоор шийдлээ. Өөрсдийн гэж нэрлэх тэр хайрханд үр намайг очуулах учир юусан билээ? Тэнд очиод би яах ёстойгоо ч мэдэх юм байсангүй.  Өөрсдийн гэж гэж өөриймсөх учиг юусан билээ? Өөрийнхөө өчүүхэн тархиар өнгөцхөн бодоод байхнээ :
Өдий болтол бид хариуцаад хадгалаад ирлээ
Өрлөг ээжүүдийнхээ үнэт сургаалийг тосоод аваарай
Өргөн түмэндээ түгээн дэлгэрүүлээрэй
Үлдэх үрсдээ бас үлдээж өгөөрэй хэмээх мэт
Харин үнэт сургаал нь юу юм болоо? Үгний цаадахыг ухахаа байсан балчирхан үрсдээ үгээр ойлгохгүй бүхнийг нь үйлдэл болгон харуулж өөрсдийн балчир ухаанаа багаар ч болов тэлээрэй гэх шиг аян замын уртад адал явдал арвинтай, бодох бодлын үзүүрт тунгаах зүйлс арвинтай аялал боллоо. Өвгүдийн сүрлэг хайрханд очоод онгон дагшин байгалын сүр хүчийг бахархан харж, өндөр өвгүдийн ухааны гүнд хүрэхгүй ч гэсэн үйл гээчийг нь тандан, үйлчлэл гээчийг нь ажин өөрийн өр зүрхэнд шингэх тэрхэн их хайрыг мэдрэнхэн байлаа. Үрээ гэж хайрлах учиг үлдээж өгсөн уул усанд нь байдгийг ухаж билээ. Энэ та нарт л гэж үлдээсэн юм ирээдүйд төрөх үрсэд минь бас энэ чигээр нь эзэн шиг эзэн  болон байж үлдээж өгөөрэй хэмээн өвгүд минь өөрөө өөрсдөөр минь өөрийг минь таниулж зөв байхын учгийг үйдлээр минь ухуулах шиг л болж билээ. Олон олон улаач нар мөн л миний адил өвгүдийнхээ , удам судрынхныхаа тахиж шүншиглэж байсан овоо хайрхадууд, гол мөрөн нуурандаа очиж хариуцах гэдгийн учрыг тунгаан, шингээж өгсөн эрдэмд нь суралцан түмэн олондоо тус дэмтэй үйлэндээ бас зоригдон буй бизээ. Ингээд бодоход хөх өвгүдүүдийнхээ ухааныг бишрэхээс ч яах билээ. Үеийн үедээ  хариуцлага гэдгийг уламжлуулж үлдээх аргаа уул устайгаа холбоод үрсдээ үлдээж өгсөн байх юм даа. Энэ л их хариуцлагыг дааж явах нь улаач бүрийн үүрэг юм байна.

Эргэж ирээд юуг ойлгож юуг танив гэдэг асуултанд үлдэж хоцорсон зүйл байгаа бил үү? Өөрийн гаргасан алдаа, оноо, үйлдэл бүр дээрээ зөв байхын учгийг шингээж чадсан бил үү? Удам судар, угсаа гарвалынхаа түүхийг таниж дийлсэн бил үү?  Үеийн үед дархлах эгэл бөгөөд эрхэм зүйлийг таниж дийлсэн бил үү? Энэ олон асуулт тархин дотор минь эргэлдэн л байна.  
Бага гэж  өөрийгөө бүү голоорой
Их гэж  өөрийгөө бүү өргөөрэй
Эгэлхэн бөгөөд эр хэм байхын ухааныг олж
Эв эеийн орон зайнд
Энх мөнхийг цогцлоох үр минь байгаарай гэх өвгүдийнхээ сургаалийг тунгаан , үйлдэх үйлүүддээ шингээхийг хичээн байна даа.

No comments:

Post a Comment