Monday, May 23, 2016

Үргэлжлэл

Түйтгэр зовлонгийн эх нь хүмүүний сэтгэл ажгуу. Сэтгэлээ таниж дийлсэн бол зовлонгийн шалтгааныг таниж дийлнэ. Шалтгааныг таниж мэдсэн бол түүнийг тохинуулах ухааныг олно. 
Огших их сэтгэл хөрөхдөө
Ондоо ондоо зовлонг үүсгэнэ
Ондоо ондоо байхын учиг
Оргилох эх булгаас хамаарна
Зүрх сэтгэл амар тайвныг олоогүй цагт
Зүйлийн цэцэгсийг ч гундуулан харж
Зөв буруугийн өтгөн мананд
Зүг чигээ алдах үе байдаг
Алдана гэдэг онохын эх
Анзаарч нэг тунгаахад л учиг байдаг
Тунаж үлдэх бүхэн чинь
Төгөлдөр их ухааны ундарга
Энэ л ундаргаас ухамсар дэлбээлж
Өр зүрхнээс энэрэл түгж
Өөдлөх амьдралын зам тодорч
Үйлдэл болох цаг тохионо
2016.05.18

Зовлонгийн талаар хэлсэн хэдэн мөрийг уншаад их зүйл бодлоо. Сэтгэл гэдэг жолоогүй зүйлийг таних гэдэг их хэцүү юм байна. Чухам тийм л учраас сэтгэл гэдэг өөрөө зовлонгийн эх болдог бололтой. Тиймээс алдаа бүр минь үнэ цэнэтэй байх учигтай бизээ. Үнэ цэнийг би бас их өнгөцхөн харж байсан бололтой. Алдаанаас олсон ухаарлыг тордон өөрөө өөрийгөө хариуцаж дийлвээс ядаж л өөрөө өөртөө үнэ цэнэтэй болно . Өөрийнхөө үнэ цэнийг таних тусам өрөөл нэгэндээ ч үнэ цэнэтэй байж дийлэх бизээ. Алдуулахгүй гэж өвгүд минь сургаалиа айлддаг гэж боддог байлаа харин хэрэг дээрээ өөрийн туулсан, өөрийн танисан зүйлээр түүнийг мэдэрч өвгүдийн үгний гүнийг таниж гэрэлт тэр мөрийг олж харахад учиг байсан бололтой. Ингэж л байж өнөө сэтгэл гэдэг жаахан ч гэсэн жолоонд ордог ч юм уу даа. 

No comments:

Post a Comment