Tuesday, February 16, 2016

Бодрол

Үнэн гэж юу вэ?
Үүрдийн энэ хорвоод 
Үрээ тэврэн суух чинь
Үргэлжийн мөнхийн амьдралыг
Үүнээс өөрөөр төсөөлнө үү?
Хорвоо дэлхийн үнэн гэж
Хоосон чанарыг хэлнэ үү?
Хонгор үрсийн сэвлэгийг
Хойшлуулан илэхийг хэлэх үү?

Асуултыг асуултаар хариулах өвгүдийг яалтай.

Үнэн гэхээр хүн бүр л нэг үнэнг ярих болжээ. Тэгвэл хэний ч хүлээн зөвшөөрөх үнэн гэж юу юм бол? Үхэх төрөх нь үнэн. Эцэг эхээс төрсөн нь үнэн. Эцэг эхүүд маань эцэг эхээс  төрсөн  нь үнэн. Үүнтэй хэн ч маргаж чадахгүй бизээ. Тэгээд юу гэж хэмээн гайхаж байна уу? Харин хир эцэг эх болох эсэх нь надаас бас таниас шалтгаална. За ингээд л нэгэн гинжин гэмээр хэлхээний нэг зангилаа болох нь тэр.  Үр хүүхэдтэй болчихсон бол хариуцлага гэдэг зүйлд уяагдаж орхино . За бас хөхөө шувуу шиг бусдын үүрэнд өндөгөө орхиод хариуцлагаас бас бултах арга бас байнаа.  Өндөгөө бусдын үүрэнд хийчихээд сайхан донгодоод яваад байж болдог л юм байна. Энэ нь үрээ өсгөхөөс ч чухал ажил ч юм уу хэн мэдлээ.  Гэхдээ л бас үрээ өөрөө тэжээхгүй ч бусдаар ч болтугай тэжээлгэхэд хариуцлага хүлээсэн ч юм уу даа. Хариуцлагын талаар урьд нь бичиж байсан болохоор нуршихаа болин үнэн гэж эхэлсэн сэдвээ л хөөе.
Хүн ч бай амьтан ч бай үр хүүхдээ үлдээх нь жам л юм байна. Харин амьтан хүн 2 юугаараа ялгаатай юм бэ?
Хамаг амьтнаас хүн нар гавлынхаа чанараар ялгарчээ гэсэн үг сударт байдаг. Гавлын чанар гэдгийг ухах хэрэг гарлаа шүү таминь. Энд чанар гэдэг үг дээр анхаарал төвлөрүүлбэл яаж байна?  Хэлхээний нэг хэсэг болохын хувьд зууралдсан тэр хэлхээ маань чанарыг чанаржуулсаар явсан талаар тунгаах гэж оролдоод үзье.
Ер нь хүн төрөлхтөний түүх, эдгээр хэлхээнүүд уул устайгаа холбогдож өөр хоорондоо хэлхэлдэж улс гүрэн гээчийг цогцлож ирсэн эсвэл бүүр өөрийн хэлхээг батжуулахын тулд өрөөл бусад хэлхээг тасалж бутаргаж байсан түүх байдаг  буй зээ. Харин чанар гээч нь энэ бүгдээс хүн төрөлхтөн ямар туршлага хуримтлуулж, ямар дэг жаягийг бий болгож, яаж цаашид оршин тогтнох ухааныг хуримтлуулж, өөр өөрийн хэлхээнийхээ үүрэг хариуцлагыг ухаж ирсэнд байдаг байх.
Агуу бүхэн энгийн байдаг гэдэг үгэнд би жигтэйхэн дуртай. Энгийн бүхнээс л өөрийгөө ойлгох нь амар болоод ч тэр үү. Аав ээжээс төрсөн үнэн бол энгийн үнэн боловч ургуулж бодох юм бол бүхэл бүтэн хүн төрөлхтөний түүхийн хэлхээ байх юм даа. Өнгөрсөн одоо ирээдүй цагийн хэлхээ,  арга билиг, эр эм байхын учиг, одоо цагийн зангилаа, ирээдүй цагийн өмнө хүлээх хариуцлага, оршин байх орон зай, уул ус ургамал амьтаны шүтэн барилдлага гэж овоорсоор байгаад бүхэл бүтэн бөмбөрцөг эргээд ч байх шиг. Энэ дунд л өчүүхэн тэрхэн эд эс болсон миний байгаагийн учир юусан билээ?

No comments:

Post a Comment