Tuesday, April 28, 2015

Үг үйлдэл 2-ын хооронд орших Би

Ууг нь бол үгнээс өмнө их юм бий л дээ.  Бодол гэж айхтар юм бий. Хүн өдөрт хичнээн мянган бодол тээдэг гэдэг билээ дээ барууныхны гаргасан судалгаа байдаг. Харин үг, тэрхүү бодлын цэгцрэлээр ил болон гардаг ч юм уу. Бодлогогүй хэлсэн үг гэж байдаг ч бодолгүй хэлсэн үг гэж байхгүй бизээ. Үг амнаас гартлаа зурсхийх бодол, сэтгэл хөдлөлийн нөлөөнд урсах байх. За энэ бүгдийг орхиод амнаас нэгэнт гарсан үг, харин тэрхүү үгээ үйлдэл болгохын хоорондох их зайны талаар бодлоо бичмээр санагдлаа. Үг үйлдэл 2 ын хооронд үүдэн хойморын зай бий гэдэг үг хэнээс ч юм сонссон ч юм шиг эсвэл бодолд зурсхийж орж ирэв үү санахгүй байна.
Нэг ухаант хүн хэлэхдээ :
Хайхам гэж магтахад нь байдаг юм биш

Хайхам гэдгийг  нь бүтээхэд байдаг юм гэсэн юм. Тухайн үедээ сонсоод л өнгөрч билээ.
Одоо эдгээр үгсийг эргэцүүлэн бодох тусам үг, үйлдэлээ нийлүүлнэ гэдэг хэцүү даваа бололтой. Үүдэн хойморын зай гэхээр гэрийн орон зай тэр чигээрээ байх шиг. 
Бид монголчууд монгол гэрдээ бүх л зүйлийг бэлэгдсэн байдаг шүү дээ. Энэхүү орон зайдаа бор гэртээ Богд, хар гэртэй Хаан болон сууцгаадаг улс даа.  Тэгвэл энэ үгийг үг үйлдэлээ нийлүүлж чадвал гэрээ бариад сууна даа гэж ойлговол болох болов уу.  
Онлайн ертөнцөөр дүүрэн хүн бүхэн үгээ хэлдэг болсон одоо үед , үгний үнэ цэнэ ч үгүй болж байна гэлтэй. Хөөрхий ерөнхийлөгч маань хүртэл  хэлсэн  үгээ  үйлдэлтэйгээ холбоогүй учраас олон нийтийн зүгээс нэлээн шүүмжлүүлж ямар сайндаа "Уран хөхөө" нэртэй болохов  дээ. Харин ямар хүмүүсийн үг үнэ цэнэтэй сонсогдох болов оо гэхээр өөрийн хэлсэн үгсээ амьдрал дээр үйл болгож баталж чадсаных нь ч юм уу гэлтэй. 
Ингээд ярих юм бол улс төр, сонгууль руу ороод явчих гээд байгаа болохоор өөр дээрээ ярьсан нь арай амьдралтай ч юм уу .
Жишээ нь л гэхэд миний нүүр хуудасны зураг дээр " Дэлхий ээжээ аварья " гэсэн үг байдаг. Харин энэ сүржин гэмээр үгээ би хэрхэн үйлдэл болгож байгаад л асуудал байгаа бололтой. Хэрэв та ийм сүрхий үг тавьсан бол дэлхий ээжийнхээ төлөө юу хийж байгаа вэ гэж хүн надаас асуувал би юу гэж хэлэх вэ? Гэтэл үнэн хэрэг дээрээ би өөрийнхөө л чадах л юмыг хэлнэ. Дэлхий ээжээ аварья гэсэн уриан доор хэдэн мод тарьсан л даа. Моднууд маань ч сайхан ургаж байгаа.  Ер нь бол би  бусад хүмүүсийн адил хэрэглэгч. Би бас зуслан дээрээ очоод модоор гал түлдэг маань үнэн. Миний хэрэглэсэн мод миний тарьсан модноос хамаагүй их. Хэрэглэсэн бол нөхөж бай гэсэн үгийг хэлэх дуртай ч үйлдэл дээр маань бас л зөрүү гарч л байна.  Би бас хүүхдүүддээ усаа хайрла . Шүдээ угаахдаа усаа битгий гоожуул гэж хэлдэг хааяа бас өөрөө усаа гоожуулчихаад хүүхдүүддээ та өөрөө усаа гамна гэчихээд өөрөө гоожууллаа гэж загнуулж л байсан. 
Энэхэн жаахан зүйл дээр ч үг үйлдлийн зөрүү яаж гарч байгааг харахаар үнэхээр үгээ хянах нь дээр үү?  Үйлдлээ ихэсгэх нь дээр үү гэдэг бодол гарч ирж байх шиг. Үүнээс л өөрийгөө засах маань эхлэх юм болов уу.
Ингэж бичихэд нэг талын хэтэрхий өрөөсгөл сонсогдох байх. 
Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг монгол ардын зүйр цэцэн үг байдаг гэдгийг бас мартамгүй . Гэхдээ хэлсэн үгний араас хариуцлага дагалдаж байдаг гээд ойлгочихвол өрөөлийг сургах гээд байхаар өөрийгөө хянадаг болчихвол зүгээр ч юм уу даа.
Үгэн зэвсэгтэй улс төрчид маань үг үйлдлээ нийлүүлдэг болчихвол улс маань дэвжих ч юм бил үү.  





No comments:

Post a Comment