Sunday, February 15, 2015

Эвч

Яагаад энэ үгээр эхлэн бичих болов оо гэхээр өнөөгийн бидний нийгэмд хамгийн их шаардагдаж байгаа зүйл юм болов уу гээд л...

Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр гэсэн зүйр үгс байдаг.
Бар хүчний бэлэгдэл . Дөрвөн хүчтний нэг болохоор ингэж бодлоо. Хэдий бар газрын хүчтэн ч гагц дан хүчээр яах ч билээ. Хүчийг нь хэрэгтэй газраа хэрэгтэй цагт нь гаргах ухаан үгүй бол өвгөн арслан 2-ын үлгэрт гардаг шиг мадлагдах баталгаа өндөр. Тийм болохоор ганц бар бол дан ганц хүч тэнхээг илэрхийлэх мэт
Цуглаж суусан шаазгай . Цуглаж гэхээр ухаанаа үржүүлж байна уу даа. Нийлж суугаад хэлэлцэж байж нэгнийхээ мэдээгүйг нэг нь мэдэж  оновчтой шийдэл гаргах магадлал өндөр тул ганц барнаас илүү дээр гэсэн санаа болов уу? 
Энд цуглаж суусан гэхээр ямар нэг зүйл тэднийг цуглуулсан байж таарна. Нэгдмэл зорилго, нэг дайсан, нэг газар, нэг саад бэрхшээл , ямартаа ч цуглуулах шалтгаан байж. Цуглуулж чадсан нь эвч үү?

Монголчууд бид одоо яагаад хэдэн тийшээ хардаг болчихвоо? Биднийг нэгдүүлж байгаа маргашгүй нэг зүйл бол Монгол гэдэг тусгаар улсын иргэд гэдэг маань бас оршин амьдарч байгаа нэгэн газар нутаг маань. Үүнд жалга довны асуудлыг хамруулахаа болье гэвэл шүү. Харин энэ газар нутаг дээр амьдарч байгаа монголчууд бидний одоогийн төрийн бодлого дээр асуудал үүсэж, олон нийтийн дунд төрөө муулсан , төрийн явуулж буй бодлогод харамссан, хүчтэй эсэргүүцсэн, эргээд сөргөлдсөн гэх мэтээр илэрч байна. 
Аливаа улс оронд хэн нь зөрчих ёсгүй хил хязгаар гэж байдаг. Харин тэр хил хязгаар зөвхөн хилийн шонгууд дээр биш Монголчууд бидний сэтгэл зүрхэнд, оюун бодолд, хэлж байгаа үг , хийж байгаа үйлдэлтэй холбоотой юм. Хэдийгээр бид хил хязгаартай тусгаар улс мэт боловч харин тос дотроосоо өтдөгийн адил бид өөрсдийн дотор байх үнэт зүйлсээ алдаж байгаа юм биш биз? 
Харин тэр өтийг хил хязгаарыг нь байлдаад эзэлж чадахгүйгээ мэдсэн гадныхан бидний тархи оюунд цацаж, монголчууд бидэнд өнгөний сайхныг үзүүлж, биеийн амрыг нь бодуулж, бэлэн бүхнийг  өгөж, согтууруулж , холч ухааныг минь булингартуулах хоосон магтаалаар утаж, аминч зоргоор болгож, өр зээлэнд дуртай болгож, өөрсдийнхөө өнгө мөнгийг шүтүүлж, хар шуналд автуулан байж аажим аажмаар дотроос минь ялзруулж сайн муугаа танихаа байлгаж байна. 
Гэвч даравч далдайх , булавч бултайх өвгөдийн минь холч ухаанаас салгаж дийлэх болов уу? 

Өнгөрсөн 7 хоногийн Монгол олон нийтийн телевизийн нэвтрүүлгийг сонслоо. 2011 онд ДНБ 17.5 % аар өссөн алтан үе минь ард үлджээ. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаад одоо хэцүү хямралтай байна гэж. Үнэхээр л уул уурхайгаар тэгэж эдийн засаг нь өссөн юм бол яагаад ард түмэн нь өсөж дэвжсэнгүй вэ? Тэр үед уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байхад бахь байдгаараа байсан бол одоо уналтын үед ухаад зараад ч өөдлөх гэж үү? Ингэж бичихэд энэ юугаа мэдэж ингэж хуцна вэ гэх хүмүүс захаасаа аваад гарна. Бид зам харилцааг чинь сайжрууллаа дэд бүтцийг хөгжүүллээ гэх байх. Үүнийг ч би үгүйсгэж чадахгүй. Тэглээ гээд Улаанбаатар луу цувах ардын зам улам л тодорсон бөгөөд утаан хөшиг минь улам л өтгөрсөн байх. Бид тэгээд яах ёстой юм бэ? Дөрөв дөрвөн жилээр засаг барих хэнээтэнүүд маань өчигдөр хийсэн алдаагаа маргааш нь засах гэсээр өдөр шөнийг үдэж холыг бодох завгүй тэдэнд уулаа ухаж , голоо таслаж олох олзыг үнэний зам хэмээн харах нь аймшиг.
Өөрийн улаан голоор чинь төсөөлүүлж, гол усыг чинь гол гэж нэрлэсэн юм гэх өвгөдийн үгийг юман чинээ бодох ухаан дутлаа гэж үү?  

Ертөнцийн жам юм хойно бид үхэх нь үнэн, үр хүүхэд минь төрөх нь үнэн. Үрсийг минь өлгийдөн тосох газар нутаг минь ямархан байх бол. Үрийг минь өлгийдөх өлгийг минь урж цоолоод,  бузарлаад хаячихвал бид ямархан их уурлаж хилэгнэх бол доо.
Эргээд ирэхэд минь эрдэнэ мэт
Буцаад ирэхэд минь булаг минь ундарч байх болов уу?

Нэг удаа найз нартайгаа салхинд гарангаа элдэв яриа өрнүүлж байгаад л яахав нөгөө 3 монгол нийлэхээр улс төр ярьдаг гэдгийн үлгэрээр улс төр гэж юу вэ гэсэн асуудал руу орчихов. Тэгтэл найзууд маань янз бүрийн тодорхойлолт хэлж байна. 
"  Орчин үед хамгийн оновчтой хэмээн үзэж буй тодорхойлолтыг төр судлаач Г.Еллинек гаргасан бөгөөд төрийг тодорхой нэг нутаг дэвсгэр дээр оршин сууж, тодорхой нэг засагт захирагдаж буй хүмүүсийн нийтлэг гэж үздэг байна. Дээрхи тодорхойлолтоос харахад төрийн үндсэн гурван шинж гарч ирж байна. Үүнийг төрийн гурван элементийн тухай сургаал гэж нэрлэдэг юм. Төрийн үндсэн шинжид нутаг дэвсгэр, хүн ам, нийтлэг засаг буюу засаглалыг багтааж байдаг энэ үзлийг олонхи төр судлаачид дэмжиж хүлээн зөвшөөрч байгаа юм." гэж уншлаа.
Гадны нэг нэр нөлөө бүхий нэг хүн : Улс төр бол эрх мэдлийн төлөөх тэмцэл гэжээ. Яг өнөөгийн төрийн байдлаар бол энэ тодорхойлолт ер нь зөв гэлээ. Харин би дотроо бодлоо. Монголчууд төр гэж юуг хэлдэг байсан юм бол доо гэж.
Түүхэн хатны судрын агууламжаар бол төр бол бүүр эсрэгээрээ эвлэлдэн нэгдэхүйн их ухаан ч юм шиг. Гэхдээ дан ганц хүмүүсийн эвлэлдэн нэгдэх биш бололтой . Үүнд Тэнгэр - Байгаль- Иргүн -ний төгс гурамсалын эв нэгдлийг хангах гэсэн байлаа . Тэнгэр гэдэг үг ороод ирэхээр боловсролтой гэх хүмүүс бас өнөө мухар сүсэг, шашины балай юмаа орууллаа гэх байх. Гэвч Тэнгэр гэдгийг Монгол ухаанаар хүн үүссэн цагаас өнөөг хүртэлх амьдралын ажиглалт, туршлага ололт амжилт, алдаа бүхнийг цэгцэлсэн их мэдлэгийн сан гэж харвал арай өөр сонсогдох байх. Тэнгэрлэг Монголчууд гэдэг үг ч энэ их мэдлэгийн сангаас хүртэгчид гэж ойлговол арай дээр сонсогдох болов уу гэж найднам. Тэгэхээр тэр л утгаараа бидний монголчууд тархиныхаа мананг хөөн тэр их ухаандаа орцгоох гарцаагүй шаардлага гарч буй мэт.

Ерөнхийлөгч Том төрөөс ухаалаг төр лүү гэсэн хөтөлбөр гаргасан. Тэр нь юу юм бэ гэхээр :
Хуулиар өөрт нь оногдсон эрх үүргийнхээ хүрээнд төсөрхөн төсөв, цомхон бүтэц, технологийн дэвшлийг чадмаг ашиглаж хууль, бодлогын хэрэгжилтийг төгс хангаж чаддаг тэр төрийг ухаалаг төр" гэж ойлгож болно гэжээ. Үүнд Тэнгэр-Байгаль- Иргүн гэдгээ сайтар холбон тунгаах шаардлага  зайлшгүй гээд дахин дурьдчихвал яах бол?

No comments:

Post a Comment