Thursday, October 30, 2025

Фүжи ууланд

Үүл манангийн цаанаас гэрэлтэх их наран
Үзэсгэлэн гоогоо үүлэн чөлөөнд улам тодосгоно
Үлэмж чанарын ариун амьсгалыг сонордохуйд
Үйлдсэн гэмээ ухааран засах нь ариусал
Есөн хүслийн зүйгээ олсон бүхэн
Ерөөл буяныг тосон сэтгэлийн галаа асаана
Хөөрөн баясах балчир үрсийн эрчимд
Хөрст дэлхий ээж уярал хайраар ундаална
Мандах нарны гэрлийн тусгах сүүдэр тод ч
Манангийн цаанаас сүүдэр нь бүдгэрнэ
Усан дусалд газар дэвтэн норж
Ухаарлын цэцэгс дэлгэрэх хөрсийг бэлдэнэ
Ухаан бодол саруулсаж сэтгэл уужрахуйд
Ухамсарын манан сарниж гэрэлд уусан алдарна

Фүжи уул
2025.10.19

Tuesday, October 7, 2025

Залуусын оролцоо

 Саяхан нэг залуучуудыг подкаст сонсоод төрсөн сэтгэгдлээ бичмээр санагдлаа. Монгол залуус Цахиурын хөндийд монгол оюунаа зарахын тулд ямар замнал туулж тодорхой хэмжээний амжилтанд хүрсэн талаараа ярилцсан юм. Хаан дээдсийн түүхийг уншихад өнчирч хоцорсон нэг хүү ээж дүү нарынхаа хамтаар тулгарсан бэрхшээлд бууж өгөлгүй өөрийн чадамжаа дээшлүүлэн, өөрийн анд нөхдөө олж , зоригтой мөрөөдөж, тухайн үеийнхээ томчуудын байр байдал, эцэг өвгөдийнхөө  өнгөрсөнд өргөсөн тус дэмийг нь танин ашиглаж их гүрнийг байгуулахдаа дөнгөж л хорь гаран настай байсан гэдэгтэй харьцуулбал өнөөгийн залуус хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай амжилтын мөртэй байхад эдгээр залуусын мөрөөдөл түүндээ хүрэх гэсэн зүтгэлийг бахдахаас ч яахав. Энэхүү замналыг гаргахын тулд үндэсний томоохон компаниудаас итгэлийг олж хөрөнгө босгохын тулд олон жил  хичээн уйгагүй ажилласны үр дүнд итгэлийг нь олж   Монгол компани гэдэг нэрээ олон улсын зах зээл дээр гаргаад , цаашлаад  22 сая долларын үнэ цэнэтэй компанийг бий болгож чаджээ.  Энгийн нэг залуусын энэ ярианд хүний итгэлийг алдахгүй байна гэдэг л амжилтын маань үндэс болсон гэж дүгнээд үүндээ хүрэхийн тулд худлаа хэлэхгүй хулгай хийхгүй зарчмыг баримталж ажилласан талаараа ярих нь бахархууштай. Хүн өөрсдийгөө таниж нээхийн тулд юм үзэж нүд тайлж гадаад дотоодод ажиллаж туулсан хүндрэл бүрээсээ алдаа оноондоо дүгнэлтээ хийсээр хүсэл мөрөөдлийнхөө төлөө зогсолтгүй зүтгэж , хамгийн гол нь хамтын хүчин зүтгэл чухал гэдгийг ойлгосон явдал байлаа. МНТ гол хэлэх гээд байгаа санаа нь  юу юм бэ гэхэд  энэ агуу том эзэнт гүрнийг байгуулахад хэн хэн ямар үүрэг рольтой оролцож хэрхэн эвлэлдэн нэгдэж нэг зорилгын төлөө зүтгэж чадсан гэдгийг л ойлгочих гэж хариулсан байдаг. Ярилцлаганы эцэст улс оронд нүүрлээд байгаа энэ хулгай дээрэм, засаглалын хямралд нөлөөлж байгаа бүхнийг бид  анхааралтай судалж, чадах мэдэх бүхнээрээ оролцож өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийн сайхан эх орноо босгоход залуус бидний оролцоо маш чухал юм байна . Бид өөрсдөө мэдлэг боловсролтой, дэлхий дахинд өөрчлөгдөн хувьсаж байгаа энэ хөгжлийн явцыг ухаарч , эх орондоо эзэн шиг эзэн болж л амьдрах чухал болохоос гадаад оронд сайхан байна гээд эх орноо орхиод явах хэрэггүй юм бна гэхийг сонсоод ийм олон олон залуус хүсэл мөрөөдлийнхөө төлөө чадах чадахаараа зүтгэж байгаа эх орны минь ирээдүй бага ч гэсэн гэрэлтэх шиг л санагдлаа